Үйл явдал2 мин унших
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр онцолсон.
Төрийн тэвчиж болох зардлыг бууруулан, чөлөөлөгдсөн эх үүсвэрийг ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, зохицуулалтыг жигдрүүлэх, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, өрхийн төсвийг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөц болон эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх, төсөв болон гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулах зэрэг эдийн засаг, нийгмийн нэн шаардлагатай бодлогын арга хэмжээнд чиглүүлэх зарчмыг баримталсан байна.
Тухайлбал, олон жил ажиллаж их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг бодитоор хэрэгжүүлэх эхний алхам болгож суурь тэтгэврийг хуулиар тогтоосон 2027 оныг хүлээлгүй, 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр төлөвлөжээ. Үнийн өсөлт болон өвлийн улирлын үед гарах хэрэглээний зардлыг харгалзан 435.0 мянган ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход зориулж 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Мөн 2026 оны эхнээс боловсролын салбарын цалин 50 хувь, эрүүл мэндийнх 30 хувь, шинжлэх ухааных 15 хувиар өссөн боловч үлдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин өсөөгүй. Иймд энэ оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд зориулж 166.3 тэрбум төгрөг тусгасан байна. Улмаар боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцжээ.
Түүнчлэн мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг тусгасны зэрэгцээ импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна.
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор төсвийн тодотголын хамт найман хуулийн төсөл, Улсын Их Хурлын хоёр тогтоолын төслийг дагалдуулан боловсруулжээ.
Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байна гэж төсөл санаачлагчид тооцжээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





