Үйл явдал3 мин унших

Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, үр ашигтай ажиллахыг үүрэг болголоо

Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, үр ашигтай ажиллахыг үүрэг болголоо

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.09.07) болж, салбарын цаг үеийн асуудал, төсвийн төлөвлөлт, өвөлжилтийн бэлтгэл, тээврийн аюулгүй байдал болон хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагын удирдлагуудад төсвийн төлөвлөлт, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хэмнэлтийн горимд шилжиж ажиллах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, мөн салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал:

ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ:  Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болголоо. Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК-д Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, төслийн талбайд удирдлагууд биечлэн ажиллаж, төслийг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах үүрэг өглөө.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагад өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай вагон зохицуулалтыг шуурхай хийх, шинээр худалдан авах вагоны тоо хэмжээ болон санхүүжилт, зээлийн нөхцөлийг нарийвчлан төлөвлөж, тодорхой болгохыг үүрэг болгов.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ: Иргэний нисэхийн салбарт Засгийн газраас баримталж буй богино, дунд хугацааны бодлогын хэрэгжилтийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, ашиглалтыг сайжруулах ажлын холбогдох баримт бичиг, гэрээ хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газрын түвшинд энэ сард багтаан баталгаажуулах чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа.

Мөн Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн зориулалттай, олон жил саатсан “Цэнхэр барилга”-ын засвар, шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.

Үүнээс гадна Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол, Оросын талын уулзалтаар Улаанбаатар-Москва чиглэлийн шууд нислэгийг сэргээх асуудлыг хэлэлцсэн талаар танилцуулж, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-д тус чиглэлд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.

АВТОЗАМЫН САЛБАРТ: Улсын болон олон улсын чанартай, стратегийн ач холбогдол бүхий авто замын чанарыг сайжруулах, төлөвлөгөөт бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн ирэх онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө, тэр дундаа шинээр барих авто замын талаарх мэдээллийг цаг тухайд нь салбарын сайдад танилцуулж, төлөвлөлтийг бодит хэрэгцээ, ач холбогдолтой уялдуулахыг Авто замын газарт чиглэл болгов.

Мөн авто зам ашигласны төлбөртэй холбоотойгоор төвлөрч буй орлого, төлбөр хураамжийн хэрэгжилтийг ил тод мэдээлж, уг орлогыг авто замын эвдрэл, их засвар зэрэг зайлшгүй шаардлагатай ажилд үр ашигтай зарцуулах төлөвлөлтийг хийхийг холбогдох нэгжүүдэд үүрэг болголоо.

“АЗЗА” нэгтгэлийн удирдлагад улсын болон олон улсын чанартай авто замын өвөлжилтийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгов.

АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ: Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллахыг Автотээврийн үндэсний төвийн удирдлагад үүрэг болголоо. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, нүүрс тээврийн жолооч нараас “С” зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх талаар санал хүсэлт олноор ирж байгаатай холбогдуулан хоёр улсын түвшинд тогтмол санал солилцож, квотыг нэмэгдүүлэхэд  анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Цаашид тээвэрлэлтийн өсөлт, бодит хэрэгцээтэй уялдуулан зөвшөөрлийн бичгийг аж ахуйн нэгжүүдэд уян хатан зохицуулалтаар олгох нь зүйтэйг тэмдэглэлээ.

Шуурхай хуралдааны төгсгөлд Зам, тээврийн яам болон харьяа төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжиж, гадаад, дотоодын томилолт болон тэмдэглэлт арга хэмжээний зардлыг бууруулж, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ салбарын бүтээн байгуулалт, ажлын үр дүнд төвлөрч ажиллахыг Зам, тээврийн сайд үүрэг болгов.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009