Үйл явдал2 мин унших
Японы Нагоя хотын засаг даргатай уулзлаа

Япон Улсад зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд ажиллаж байгаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Нагоя хотын захиргааны төв байранд тус хотын Засаг дарга Хиросава Ичиротой албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын баг тамирчид Азийн XX наадамд спортын 31 төрөлд 298 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, багийн дүнгээр эхний 15 байрт шалгарах зорилт тавин бэлтгэлээ ханган оролцож байгаа талаар танилцуулав.
Талууд Монгол Улс, Нагоя хотын спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тухайлбал, спортын менежмент, дасгалжуулалт, спортын анагаах ухаан, хоол зүй зэрэг чиглэлээр туршлага солилцох, салбарын хүний нөөцийг сургах, мэргэшүүлэх, иргэдийн нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов.

Нагоя хот нь 2.3 сая гаруй хүн амтай, Япон Улсын төв хэсэгт орших аж үйлдвэр, эдийн засгийн томоохон төвүүдийн нэг юм. Нагоя хотын иргэд Монгол Улс, монголчуудыг сумо бөхөөр дамжуулан сайн мэддэг бөгөөд мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё жил бүрийн долоодугаар сард тус хотод зохион байгуулагддаг уламжлалтай.
Мөн уулзалтаар хоёр тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж, Японы жуулчдад Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, онцлог, боломжийн талаарх мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн хоёр хот, улсын хоорондын тээврийн хүртээмж, тэр дундаа шууд нислэгийн боломжийг нэмэгдүүлэх нь жуулчдын урсгалыг дэмжихэд эерэг нөлөөтэй талаар санал солилцов.
Сайд Ж.Алдаржавхлан Монголын үндэсний урлаг, соёлыг Нагоя хотын иргэдэд сурталчлан таниулах хүрээнд урлагийн тоглолт зохион байгуулах, музейн үзмэр, соёлын өвийг танилцуулсан үзэсгэлэн гаргах зэрэг соёлын солилцооны арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд талууд спорт, аялал жуулчлал, соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит ажил хэрэг болгон хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
