Үйл явдал2 мин унших

Намрын чуулганаар хийх ажилдаа оръё

Намрын чуулганаар хийх ажилдаа оръё
УИХ-ын гишүүн О.Номинчимэг

“Төрийн шийдвэрт хамгийн их дуугардаг нь биш, хамгийн их ашиг сонирхолтой нь биш — иргэдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой” 2026 оны ??УИХ-ын намрын чуулган эхэлж байна. Улс орны хөгжлийг урагшлуулахад хууль, төсөв, төрийн шийдвэр бүрийн цаана хэний эрх ашиг хамгаалагдаж, хэний боломж нэмэгдэж, хэний ачаалал нэмэгдэх вэ гэдэг улс төрийн сонголт байдаг.

Тиймээс УИХ-ын гишүүн байхыг би зөвхөн хууль батлах ажил гэж хардаггүй. Хэний дуу хоолой шийдвэрт хүрч байна вэ, төрийн эрх мэдэл хэний ашиг сонирхолд үйлчилж байна вэ, өнөөдрийн шийдвэр ирээдүйд ямар тогтолцоо үлдээх вэ гэдэг асуултыг байнга тавьж ажиллах ёстой гэж боддог.

Энэ намрын чуулганаар миний хувьд хэд хэдэн чухал зорилт бий.

Нэгдүгээрт, Тамхины хяналтын тухай хуулийг эцэслэн батлуулах.

Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудал ашиг сонирхлын дарамтаас үүдэн ухрах ёсгүй. Хаврын чуулганаар батлагдах ёстой байсан ч хуулийн хэлэлцүүлгийг санаатай гацааснаас үүдэн эцэслэн батлах шат энэ намрын чуулганаар хүлээгдэж байна. Тамхины хяналтын тухай хууль бол зөвхөн тамхины хэрэглээний тухай биш, УИХ хэний эрх ашгийн талд зогсож, хамгаалах вэ гэдэг асуултад ч хариулт өгөх хууль. Олон жил , сар хүлээгдсэн шинэчлэлийг энэ намар эцэслүүлэн, хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллана.

Хоёрдугаарт, 2027 оны улсын төсөв.

Төсөв бол зүгээр нэг орлого, зарлагын хүснэгт биш. Иргэдийн төлсөн татварыг юунд зарцуулах, аль асуудлыг тэргүүнд тавих, төр өнөөдөр хэрэглэж дуусах уу, эсвэл ирээдүйд өгөөж бий болгох уу гэдгийг шийддэг улс төрийн хамгийн том баримт бичиг. Үр ашиггүй зардал, богино хугацааны улс төрийн шийдлээс илүүтэй хариуцлагатай зарцуулалт, хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

Гуравдугаарт, Төрийн өмчийн эрх зүйн шинэчлэл.

Төрийн өмч бол төрийн албан тушаалтны өмч биш. Ард түмний өмч. Түүнийг хэн эзэмших, хэн удирдах, хэрхэн ашиглах, хэн хариуцлага хүлээх нь тодорхой байх ёстой. Төрийн өмчийг улс төрийн нөлөөлөл, үр ашиггүй удирдлага, хариуцлагагүй шийдвэрийн талбар хэвээр үлдээхгүй байх нь энэ шинэчлэлийн гол зорилго.

Төрийн шийдвэрт хамгийн их дуугардаг нь биш, хамгийн их ашиг сонирхолтой нь биш — иргэдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой.

УИХ-ын гишүүний бүрэн эрх бол давуу эрх биш. Иргэдийн өгсөн итгэл, хүлээлгэсэн хариуцлага. Тэр итгэлийг өдөр тутмын улс төрийн тооцооллоор биш, зарчимтай байр суурь, бодит ажил, гарсан үр дүнгээр хариулахыг хичээнэ. Намрын чуулганаар хийх ажилдаа оръё.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009