Онцлох мэдээ2 мин унших

Байгаль орчны салбарын төсвийг бодит үр дүнд чиглүүлэх шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ

Байгаль орчны салбарын төсвийг бодит үр дүнд чиглүүлэх шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир

Байгаль орчны салбарын төсөв, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалтыг байгаль хамгааллын бодит үр дүнтэй уялдуулах зорилгоор үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэх шинэчлэлийн ажлын хүрээнд /2026.11.24/ хэлэлцүүлэг, танилцуулга зохион байгууллаа.

Арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын төлөөлөл, Сангийн яамны мэргэжилтнүүд, Монголын Байгалийн Өв Сан, The Nature Conservancy болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн шинжээчдийн багийнхан оролцож, салбарын санхүүжилтийн шинэчлэлийн явц, судалгааны үр дүн, цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцов.

Байгаль орчны салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэх ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний үе шатанд салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хоёрдугаар үе шатанд шинэчлэлийн хувилбар боловсруулан сонгох, гуравдугаар үе шатанд 2027-2029 онд хэрэгжилтийг дэмжихээр төлөвлөжээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр 2027 онд хэрэгжүүлэх ажлын тэргүүлэх чиглэл, туршилтын арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүн, яам болон харьяа байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.

Байгаль орчны салбарын төсвийн шинэчлэл нь зөвхөн санхүүжилтийн аргачлал өөрчлөх асуудал биш.

Энэ бол төсвийн төгрөг бүрийг байгалийн нөөц, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх бодит үр дүнд чиглүүлэх, төрийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх чухал шинэчлэл юм.

Төр байгаль хамгаалахад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулснаа бус, тэр хөрөнгөөр байгаль орчинд ямар бодит өөрчлөлт, үр дүн бий болгосноо тайлагнадаг тогтолцоог бүрдүүлэх нь энэхүү шинэчлэлийн гол зорилго юм гэдгийг сайд Ц.Сандаг-Очир онцоллоо.

Шинэчлэлийн ажлын хүрээнд хийсэн судалгаагаар байгаль орчны салбарын төсөв сүүлийн жилүүдэд нэрлэсэн дүнгээр өссөн боловч байгаль хамгаалалд шаардлагатай зарим бараа, үйлчилгээний зардал буурсан байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байгааг танилцууллаа.

Салбарын хэмжээнд үр дүнд суурилсан төсөвлөлт нэвтэрснээр байгаль орчны салбарын төсвийг зөвхөн зарцуулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн ажлын тоогоор бус, байгаль орчинд бий болгосон бодит үр дүн, өөрчлөлтөөр үнэлэх боломж бүрдэнэ.

Тухайлбал, ойжуулалтад зарцуулсан төсвийг тарьсан модны тоогоор бус амьдралтын хувь, нөхөн сэргэсэн газрын хэмжээгээр, мөн бэлчээр хамгааллын санхүүжилтийг хэрэгжүүлсэн арга хэмжээний тоогоор бус ургамлын бүрхэвч, газрын сэргэлтийн өөрчлөлтөөр, харин ус хамгааллын хөрөнгө оруулалтыг зарцуулсан мөнгөөр бус усны нөөц, чанарын үзүүлэлтээр үнэлэх зарчимд шилжинэ.

Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, үр дүн багатай зардлыг бууруулах, байгууллагуудын хариуцлагыг тодорхой болгох, байгаль хамгааллын санхүүжилтийг урт хугацаанд тогтвортой болгох ач холбогдолтой юм гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс онцлов.

Байгаль орчны салбарын төсвийг бодит үр дүнд чиглүүлэх шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Цэвэр усХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2009