Байр суурь2 мин унших
Бага ангийн багшийн ачаалал, нийгмийн асуудлыг онцгойлон шийдэх ёстой. Учир нь хүүхэд бага насандаа гол хүмүүжил, төлөвшлөө олдог!

УИХ-ын чуулганы 2026.11.27-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Чухал хууль санаачилсан байна. Багш нарын үнэ цэнийг нэмэгдүүлдэг бүх хууль тогтоолыг дэмжихэд дэмжихэд бэлэн байна. Манай улсад харамч хүн хоёр төлдөг гэдэг нь болчхоод байна. Өнөөдөр нэг доллар харамлаад ирээдүйд 10 долларын зардал гаргаж байна. Ер нь бидний үнэт зүйл монгол хүн, монгол гэр бүл, энэ дотроо зөв монгол хүмүүн хүүхдийг бэлдэх. Хүүхдүүдтэй ажилладаг багшийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхгүй болохоор энэ бүх зүйл чинь худлаа болоод байгаа юм. Багш нарын асуудлыг шийдэхгүйгээр, цалин мөнгийг нь нэмэхгүйгээр, тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхгүйгээр, байр орон сууцын асуудлыг нь шийдэхгүйгээр бидний хүсээд байгаа үнэт зүйл, баялаг бүх зүйл чинь биелэхгүй.
Өнөөдөр маш ноцтой асуудал үүсэж байна. Багш нар тогтвортой ажиллахыг хүсэхгүй байна. Эрэгтэй багш нар ажиллахыг хүсэхгүй байна. Гадагшаа дотогшоо их явж байна. Энэ бүхэн систем нь буруугаас үүдэлтэй. Мөнгөөр хэмжигддэггүй баялгийг соматик баялаг гэдэг. Ёс суртахуун зөв хүмүүжил гэх мэт. Багш гэж нэрлэдэггүй байсан. Багш сурган хүмүүжүүлэгч гэдэг байсан. Чухал зүйл дээрээ Монгол Улс дэндүү олон жил ингээд хариуцлагагүй хандаж ирсэн. Энэ мэргэжил дээр ямар хүмүүс байх ёстой юм гэхээр. Дотоодын гадаадын их сургуулиуд төгссөн, энэ мэргэжил дээр бүгд ажиллахыг хүсдэг. Хамгийн өрсөлдөөнтэй мэргэжил байх ёстой. Ялангуяа бага ангийн багш нарын ачаалал нийгмийн асуудлыг бүүр онцгойлон шийдэх ёстой.
Учир нь хүүхэд бага насандаа гол хүмүүжил төлөвшлөө олдог. Үүн дээр олон чухал заалтууд орсныг дэмжиж байна. Цалин нийгмийн хангамж нь сайн байвал эрэгтэй багш нар нэлээн ажиллах болов уу. Боловсролын салбарт жендерийн зохистой харьцаа алдагдчихсан. Жендерийн зохистой харьцаа алдагдахаар эрэгтэй багш нар боловсролын салбарт ажиллахгүй байна. Энэ нь эргээд маш том ийм сөрөг нөлөөтэй.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

