Үйл явдал3 мин унших
Бохир усанд нөхөн төлбөр төлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Гансүх танилцуулав.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааны журам, орон нутгийн засаг захиргаатай хэрхэн хамтарч ажиллах, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүрэг, байгаль орчны мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэлдэхүүн зэрэг асуудлуудыг тодруулсан байна.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт байгаль орчныг хамгаалах, түүний баялаг, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутгийн удирдлага, бодлогын төлөвлөлтийг зохицуулж байхаар шинээр тусгажээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Байгаль орчны үнэлгээний ангилал, үнэлгээний чанар, ерөнхий шаардлага, үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, үнэлгээний явцыг олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан хэмээн Л.Гансүх гишүүн танилцуулсан юм.
Орон нутгийн иргэдийн оролцоог ялангуяа ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгаж хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгажээ.
Сэтгүүлч ts8060

