Байр суурь2 мин унших
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудал олонхийн санал авч чадсангүй

Сэтгүүлч ts8060
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч ts8060
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл нь Засгийн газрын төлөөлөл гурав, даатгуулагчдын төлөөлөл гурав, ажил олгогчдын төлөөлөл гурав нийт есөн гишүүнтэй бөгөөд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдэд Засгийн газрын талаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд нар байх тогтоолын төслийг өргөн барьсан юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ингэж сайд нар орж ирэх нь Засгийн газрын эрх мэдлийг давамгайлуулан нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг алдагдуулах учраас Сангийн сайд, Хууль зүйн сайд нар биш харин Төрийн нарийн бичгийн дарга нар нь ороход болно гэсэн саналтай байлаа.
Харин даатгуулагчид болон ажил олгогчдын төлөөллийг Засгийн газраас хараат бусаар нээлттэй зарлах ажлыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос зохион байгуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна. Өнөөдрийн байдлаар 18 хүний нэр дэвшүүлсэн материал ирээд байгаа тухай Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ энэ үеэр мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажиллаж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн болох юм бол Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэх болно хэмээн анхааруулсан юм.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр хэнийг нэр дэвшүүлэн ажиллуулахаа МҮЭХ-ны хурлаараа шийдэх болно хэмээсэн юм.
Ингээд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 29 нь буюу тавин хувь нь татгалзаж олонхийн санал авч чадаагүй тул энэхүү тогтоолын төслийг хэлэлцэхээргүй боллоо.
УИХ-ын дарга Засгийн газарт өөрийн талаас Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн асуудлыг шийдэж оруулж ирэхийг даалгалаа.