Байр суурь4 мин унших

Намд нь үхширмэл арга барил ноёлж байгаа учир Д.Арвин ийм сонголт хийсэн байх

Намд нь үхширмэл арга барил ноёлж байгаа учир Д.Арвин ийм сонголт хийсэн байх
АН-ын ерөнхий на­рийн бичгийн дарга Ц.Оюун­дарь

АН-ын ерөнхий на­рийн бичгийн дарга Ц.Оюун­дарьтай ярилц­лаа.

-Д.Арвин гишүүнийг АН-д элсэх тухай яриа гарлаа. Энэ тухайгаа танай намынханд мэ­дэгд­сэн үү?

-Албан ёсоор мэ­дэг­дээгүй байгаа.

-Өчигдөр МАН-ын ги­шүү­нээс татгалзах өр­гөдлөө өгсөн байна. Тэгэхээр танай намд орох нь тодорхой болж байна уу даа?

-Аль нэг намд элсэх, гарах нь хувь хүний чө­лөөт сонголт шүү дээ. Хуучны социализмын үеийнх шиг хатуу шал­гуур, элдэв шийтгэлтэй байдаг үйл явц биш. Ард­чилсан намын үзэл ба­римтлал, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн хэн ч манай намд элсэх бүрэн боломжтой. Манайх demparty.mn гэсэн цахим хуудсаар ч намд элсэх өргөдөл хүлээж авдаг.

-Ер нь ямар нэгэн байдлаар энэ асуудлыг АН, нам дотроо ч юмуу Д.Арвин гишүүнтэй ярилц­сан уу?

-Энэ тухай цөөн хүний хүрээнд ярилцаж байсан. Би хувь хүнийхээ хувьд Д.Арвин гишүүнийг УИХ-д удаа дараа сонгогдож чадсан, өөрийнхөөрөө байж чаддаг, намынхаа дотоодын элдэв хуйвал­даанд тэр бүр хутгалдаагүй цэвэр улстөрч гэж харж, дэмжиж явдаг. Би телевизэд ажиллаж байх­даа "Эмэгтэйчүүдээ дэмжье" аяны хүрээнд түүнийг болон бусад олон эмэгтэйчүүдийг улс төрд ороход нь дэмжиж байсан.

-Танай намынхан асуу­далд яаж хандаж байгаа бол. МАН, хууч­ны МАХН-ын гишүүн хүн танайд элсэх асуудлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хувь хүн бүр тухайн асуудалд өөр өөрийнхөө дүгнэлтийг хэлэх байх. Манай намын дүрмийн 3.1.1-д зааснаар АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, дүрмийг сайн дураараа хүлээн зөв­шөөрч байгаа Монгол Улсын 18 нас хүрсэн ир­гэн манай намд гишүү­нээр элсэж болно. Түүнийг бөөнөөрөө сууж хэлэл­цээд, нөгөө кинон дээр гардаг шиг "Жа, энэ хүүх­нийг намд элсүүлэх нь зохимжгүй" гэж нэг лам хэлтэл нөгөөдөх нь тэр ламын бузар булайг дэл­гээд "Энэ чинь ариун яв­дал уу" гээд уйлаан бол­дог шиг үйл явц болохгүй. Тийм үеийг халаад бид 23 жил болж байна шүү дээ.

-Д.Арвин гишүүнийг хувирамтгай зантай гэ­дэг. Үе үеийн намынхаа даргын арга эвийг олж жил­ладаг тухай ярь­даг. Харин танай намд үнэнч ажиллана гэдэгт итгэлтэй байна уу?

-Манай намын дү­рэмд "Гишүүн нь намдаа болон дарга нартаа үнэнч ажиллана" гэсэн заалт байхгүй. Хүний тодорхой ямар нэгэн зан авир нь намд элсүүлэхгүй байх шалтгаан болно гэсэн үг өгүүлбэр бүр ч байхгүй. Хуучин социа­лиз­мын үеийн МАХН-ын дүрэмд л даруу төлөв зантай, хамт олондоо нэр хүндтэй ч билүү, нэг тиймэрхүү заалт байдаг байсан байх. Манай Ард­чилсан намын дүрэм түү­нээс тэс өөр үзэл баримтлалтай шүү дээ.

-Хувь хүнийх нь гар­гасан үйлдлийг юу гэж дүгнэж байна. Намынхандаа гомдоод на­маасаа гарсан хүн танайд орлоо гэхэд барьж тог­тооно гэдэг хэцүү байх?

-Гишүүдээ барьж тог­тоох үйл ажиллагаа явуулдаг ямар ч дүрэм журам АН-д байхгүй. Ард нийтээр хэлэлцүүлж олны дэмжлэг авсан сон­гуулийн мөрийн хөтөл­бөр маань одоо ид хэ­рэг­жиж эхэлж байна. Энэхүү шинэчлэлийн алхмыг олон хүмүүс хүлээн зөв­шөөрч, гар бие оролцон хийлцье гэсэн чин хү­сэлтээ илэрхийлж бай­гаа­гийн нэг нь л Д.Арвин гишүүн. МАН-д байхдаа тэрээр намынхаа шинэч­лэлийн тухай хатуухан үг хэлчихдэг цөөхөн ги­шүү­дийн нэг байсныг бүгд мэдэж байгаа. Үнэхээр шинэчлэгдэхгүй, илүү сэт­гэж, илүү дуугарсныгаа тал бүрээс хавчин хяхдаг хуучны коммунист арга барил нь Ардын намд үхширмэл хэвээр ноёлж байгаа учраас л Д.Арвин гишүүн байж суух аргагүй болоод ийм сонголт хийж байгаа байх.

-Эсвэл ямар нэгэн албан тушаал амласан юмуу,  түүнд?

-Монгол Улсын хууль тогтоох дээд байгуул­лагад сонгогчдын олон­хийн саналаар сонгог­доод ороод ирсэн УИХ-ын гишүүн хүн шүү дээ.

-АН-д хэзээ элсэх бол. Тодорхой мэдээ­лэл бий юу?

-Манай намын гишүү­дийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний журамд заас­наар намын гишүү­нээр элсэхийг хүссэн ир­гэн намын аль нэг бай­гууллагад хүсэлт гаргана. Хүсэлтийг өөрийн биеэр болон утас, Е-мэйл, факс, захидлаар гаргаж болно гэж заасан. Мөн намд шинээр элссэн гишүүн нь үнэмлэхээ өөрийн биеэр гардан авна. Хэрэв ги­шүүн нь гардан авах цаг хугацааны болон орон зайн боломжгүй бол хүр­гүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу л үйл явц өрнөх байх.

Сэтгүүлч vip_admin2

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2015
  3. 2014

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009