Үйл явдал2 мин унших
АН: Оффтейк гэрээнүүдийг ил тод болгох, хянан шалгах түр хороо байгуулна

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ, ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар мэдээлэл сонсож, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах шийдвэр, шаардлагыг гаргалаа.
1. Оффтейк гэрээнүүдийг ил тод болгох, хянан шалгах түр хороо байгуулна.
Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн гарын үсэг зурж, сүүлийн 10–20 жилийн хугацаанд хэрэгжсэн оффтейк гэрээнүүдийг шалгах, тэдгээрийг олон нийтэд ил тод болгох зорилгоор УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргалаа.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт орж ирсэн их хэмжээний мөнгөн хөрөнгө хаашаа зарцуулагдсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах болон сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэх мэдээллийг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.
2. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардана.
Хулгай, авлигын хэрэгт холбогдсон Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой.
Мөн Засгийн газарт тодорхой хугацаатай үүрэг, шаардлага хүргүүлж, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардана. Шаардлагын биелэлт хангалтгүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хүртэл улс төрийн хариуцлага тооцох арга хэмжээ авах болно
3. Оффтейк гэрээтэй холбоотой нээлттэй хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Ардчилсан намын бүлгээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад асуулга тавьж, оффтейк гэрээ, нүүрсний хулгай, авлига, хээл хахуультай холбоотой асуудлаар нээлттэй хяналтын сонсгол зохион байгуулах шаардлага хүргүүлнэ.
Нууцалсан гэрээнүүдийн цаана ямар ашиг сонирхол, хууль бус үйл ажиллагаа байсныг тогтоож, холбогдох мэдээллийг олон нийтэд ил тод болгох ёстой гэж үзэж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
