Онцлох мэдээ7 мин унших
Дарга "Та" бүсээ зүүгээрэй

Хаврын чуулганы төгсгөлд Г.Батхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн хариуцсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Хууль батлагдсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэмд нэлээд өөрчлөлт орж байгаа юм.
Засгийн газар энэ сард багтаан хуулийн дагалдаж гарах Замын хөдөлгөөний дүрэм, журмыг баталж, иргэд хуулийг сурталчилах ажлыг хийж, ирэх есдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр төлөвлөөд байгаа. Манай улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэдгийг хуульд заажээ.
Мөн энэ хуулиар жолооч, явган зорчигчийн эрхийг үүргийг нэг бүрчлэн зааж, хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах заалтыг оруулжээ. Жишээ нь, согтуугаар жолоо баривал хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сар хасч давтан согтуугаар жолоо баривал эрүүгийн хэрэг үүсгэж, 30 хоног баривчлахаар тусгасан байгаа юм.
Ингээд жолооч болон иргэдын хамгийн их сонирхлыг нь татдаг заалт бол торгуулийн залтууд билээ. Ингээд замын хөдөлгөөнд оролцохдоо юунд анхаарч, хууль зөрчвөл ямар торгуул төлөхөөр заасныг багцлан хүргэж байна.
Согтуугаар анх удаа жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээр тусгажээ.
Харин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болсон буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийг давтан үйлдсэн бол эрүү үүсгэж 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх юм байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнийг 48 мянгаар хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм.
Ингэснээр согтуугаар жолоо барих үзэгдэл багасна гэдгийг хуулийг хэлэлцэх үеэр санаачлагчид хэлж байсан. Үнэхээр мөнгөтэй бол эхний удаагийн торгуулийг нь төлж болох ч дараагийн удаа бол арай л хатуу байна гэдгийг жолоочид хэлж байгаа.

Жолоогоо согтуу хүнд шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно
Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Мөн согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна.
Бие эвгүйрхсэн үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж тусгасан байна. Энэ тохиолдолд 48 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг.
Мөн тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.
Жолооны үнэмлэхгүй жолоо баривал 48 мянгаар торгоно
Зарим жолоочид үнэмлэхээ мартаж гарах тохиолдол цөөнгүй. Харин шинэ хуулиар Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.
Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхгүй, жолоодох эрх аваагүй тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгох юм байна. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр торгох юм байна.
Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр торгоно
Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192000 төгрөгөөр торгох юм байна. Харин тухайн жолоодож буй тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй байхад нь замын хөдөлгөөнд оролцсон иргэн, хуулийн этгээдийг мөн дээрх хэмжээгээр торгохоор заажээ.
Сэтгүүлч sevjid





