Үйл явдал4 мин унших
Авто замын салбарынхантай уулзлаа
Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал хүндэрч, шатахууны хангамж, барилгын материал, түүхий эдийн үнэ өсөж буй энэ үед Монгол Улсын авто замын салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдлийн талаар Зам, тээврийн яам салбарын мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, компаниудын төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүнтэй нээлттэй уулзалтыг өнөөдөр (2026.08.25) зохион байгууллаа.
Уулзалтад, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай, ЗТЯ-ны Авто замын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сугармаа, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Сумьяа, холбогдох мэргэжилтнүүдийн хамт "Авто замчдын холбоо", авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд салбарын сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцууллаа. Тэрээр авто замын салбарын ачааллыг бууруулах, зорчигч болон ачаа тээврийн тодорхой хэсгийг төмөр зам, агаарын тээвэрт шилжүүлэх, тээврийн төрлүүдийн уялдааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. Мөн цаашид Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд салбарын оролцогчидтой хамтран ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцож, шийдэлд чиглэсэн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.
САЙД: АВТО ЗАМЫН САЛБАРТ АСУУДАЛ ЗӨВХӨН ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
Уулзалтын үеэр салбарын өнөөгийн хүндрэл бэрхшээл зөвхөн төсөв, санхүүжилтийн хүрэлцээгүй байдлаар хязгаарлагдахгүй болсныг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэлдээ онцоллоо. Тухайлбал, авто замын чанар, зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэл, замын ашиглалт, арчлалт, хүнд даацын тээврийн хэрэгслийн стандарт, хяналт зэрэг олон асуудал автозамын салбарт хоорондоо уялдаагүй явж ирсний улмаас автозамын салбарт асуудал, хүндрэл бэрхшээл дагуулж байгааг дурьдаж байлаа.Жишээ нь сүүлийн жилүүдэд, авто замыг хэн дуртай нь хэрдээ таарсан төсвөөр чанартай, чанаргүй бариулснаас үүдэж богино хугацаанд замын эвдрэл үүсэх, улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, осол аваар нэмэгдэх, дахин засвар, арчлалтын зардал гарах зэрэг олон асуудлыг ар араасаа дагуулж буйг онцоллоо.
Мөн зураг төслийн чанар, зураг төсөл боловсруулах явц дахь алдаа дутагдал нь барилга угсралтын ажлын явцад хүндрэл учруулах, нэмэлт зардал бий болгох зэрэг эрсдлийг дагуулж буй учраас мөн цаашид автозамын салбарт зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, арчлалтын бүх үе шатанд хариуцлага, стандарт, хяналтыг сайжруулах шаардлагатайг санууллаа. Түүнчлэн хүнд даацын тээврийн хэрэгслийн стандарт, замд үзүүлэх ачааллыг тооцох, замын ашиглалтын хугацааг уртасгах зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэсэн саналуудыг хэллээ.
АВТОЗАМЧДЫН ХОЛБОО: ШАТАХУУН, БИТУМЫН ҮНИЙН ӨСӨЛТ АВТО ЗАМЫН САЛБАРТ ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА
Авто замын салбарынхан дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, шатахууны хангамжийн хүндрэл болон авто замын барилга угсралтад шаардлагатай түүхий эд, материалын үнийн өсөлт салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгааг уулзалтын үеэр танилцууллаа.
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр одоогоор автозамын салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт машин механизмын 60 гаруй хувь нь дизель түлшээр ажилладаг бөгөөд шатахуун, тэр дундаа битумын үнийн өсөлт нь салбарын цаашдын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг хэлж байна. Тэрээр ирэх оны төсвийг хэлэлцэж буй энэ үед авто замын салбарын бодит нөхцөл байдлыг Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд танилцуулж, үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд шаардлагатай зардлыг төсөвт тусгах шаардлагатайг уламжиллаа.
АСУУДЛАА ТООЧИХ БИШ, ШИЙДЛИЙН ГАРЦЫГ ХАМТДАА ЭРЭЛХИЙЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Уулзалтын үеэр авто замын салбарын төлөөлөл тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлээ танилцуулахын зэрэгцээ дотоод, гадаад орчны өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цаашид ямар шийдэл хэрэгжүүлэх боломжтой талаар санал бодлоо илэрхийллээ. Мөн уулзалтад оролцогчид сонирхсон асуултын дагуу салбарын сайд болон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авч, бодлого, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд, салбарын тулгамдсан асуудлыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд танилцуулах зорилгоор Авто замчдын холбоо, авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, компаниудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.
Уг ажлын хэсэг байгуулж, асуудлуудаа нэгтгэн УИХ-ын намрын чуулганаар танилцуулж, шийдлийг хамтдаа хэлэлцэх нь зүйд нийцтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, авто замын салбарын бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг нэгтгэн тодорхойлж, төсөв, санхүүжилт, стандарт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, арчлалт зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэн, цаашид хэрэгжүүлэх шийдлийг төр, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоонд тулгуурлан тодорхойлох юм.
Эх сурвалж:
Зам тээврийн яам

