Өнгөрсөн долоо хоногт УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын суудлаас нь оцруулсан. Харин энэ долоо хоногт МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Ч.Улааныг тус салбарын сайдаар томилуулахаар санал нэгдэж, Засгийн газрын гишүүнийг томилох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүний дагуу БОХХАА-н байнгын хороо хуралдаж, салбарын асуудалд ямар бодлого барьж ажиллахыг асуун, анхаарах шаардлагатай асуудлуудын талаар сануулсан юм.
Байнгын хорооны гишүүдийн 76.9 хувь нь УИХ-ын гишүүн Ч.Улааныг сайдад томилохыг дэмжсэн. Байнгын хорооны хурлаар үг хэлсэн онцлох байр сууриудаас дурдвал:
А.Сүхбат: ХХААХҮ-ийн сайдын албан тушаалын асуудал яригдаж байна. Ч.Улаан гишүүнийг дэмжиж байна. Бид бүхэн Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Энэ хоёр хулуийг хэрэгжүүлэхийн тулд ямар ажлуудыг хийх вэ?
Ч.Улаан: Өнгөрсөн онд бид маш чухал хуулиудыг баталсан. Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан учир энэ хуулиудын агуулгыг ажил хэрэг болгох ёстой гэж үздэг. Өчигдөр УИХ-ын чуулганаар энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эрх зүйн зохицуулалт хийх 5 хууль батлагдсан. Одоо энэ хууль хэрэгжих эрх зүйн үндэс нь бүрдсэн гэж үзэж байна. Ялангуяа хуулийг хэрэгжүүлэхэд бүтэц зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай. Бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд энэ ондоо асуудлуудаа бүрэн шийдэх ёстой. Асуудлаа мэрэгжлийн хүмүүстэй зөвлөлдөж, газар дээр нь танилцаж байгаад эрчимтэй хэрэгжүүлэхийг хичээнэ.
А.Сүхбат: Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна. Энэ үеэр олон төрлийн өвчин дэгддэг. Энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. 1990 онд гоц халдварт өвчин гарч байсан. Гэхдээ үүний хорио цээр, сахилга батыг чанд барьж байсан. Гэтэл одоогийн хяналтын, мал эмнэлгийн байгууллагууд машины 4 дугуйг л ариутгах бодисоор шүршээд ариутгаад л явж байна. Энэ хангалтгүй.
Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Үндсэндээ Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан байна. Бид жилдээ нэг их наяд төгрөгний хүнсийг импортоор авч ард иргэдийнхээ хүнсний хэрэглээг хангаж байгаа. Монгол мал давжаарсан. Үндсэндээ сүүлийн 30 жил малын удмын сангийн үржлийн ажил орхигдсон. Малын цус ойртсон. Өвчлөл дэврэмтгий, малын дархлаа суларсан. Өөрөөр хэлбэл мал аж ахуйн салбар өрсөлдөх чадвараа алдсан. Хөрс хамгааллын бодлого хаягдсан. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 5 орчим хувийг эзэлж байгаа газар тариалангийн бүс нутаг, түүний үржил шим, хөрсний нөхцөл байдал туйлын доройтсон.
Мал аж ахуйг яаралтай эрчимжүүлэх, үүн дотор газар тариалангийн бүс нутагт тулгуурлаж, эрчимжсэн аж ахуйнуудыг олноороо бий болгож, төв суурин газрын хүнсний хэрэглээг яаралтай анхаарахгүй бол хүнсний импорттой холбоотойгоор монголы хүний аюулгүй байдлын баталгаа алдаж байна. Жилдээ 6000 гаруй хүн хавдраар оношлогдож, 4000 гаруй хүн үхэж байна. Маш олон суурь шалтгаан хүнстэй холбоотой. Монгол Улсын нийт хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Энэ нь ард түмнийг сүүгээр хангах бодлого хаягдсантай холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах ёстой. Ялангуяа ХАА-н салбар ажлн байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдлыг хангах гол суурь салбар. Уул уурхай биш. Уул уурхай ажлын байр бий болгодоггүй, ашиглаад дуусдаг хязгаарлагдмал нөөц. Уул уурхайн ид өсөлтийн үеийг ашиглаж Монгол Улс хөдөө аж ахуйн салбараа босгож ирэх хэрэгтэй. Хөрсөө сайжруулж, тарьмал ургамал, сэлгээний ургамал, үр сортоо чанаржуулах малаа эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг яаралтай хийх ёстой.
Улс орны хөдөө аж ахуйн салбарын анхаарал татаж байгаа зүйлсийг харахад бэлчээрийн даацыг асуудлыг хаягдуулж байна. Уул уурхайн асуудалтай зэрэгцээд бэлчээрийн даацын асуудал бэлчээрийг сүйтгэж байна. Бэлчээрийн тухай хуулийг анхаарч, гаргах нь зүйтэй. Олон улсын байгууллагуудын олон жилийн судалгаа бий. Үржил шимгүй болсон, талхлагдсан бэлчээрүүдийг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулиудыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд сайн хэлэлцэж, баталж гаргасан. Хэрэгжилтийн явцад алдаа оноо нь шүүгдэж гарна. Экспортын асуудлаа цаг алдалгүй шуурхайлах хэрэгтэй. Улс орондоо их хэмжээний орлого оруулах боломж байна. ОХУ-аас мах экспортонд авах саналууд явж байна. Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлж энэ асуудал дээр анхаараарай.
ХАА-н салбар Монгол Улсын эдийн засгийн гол суурь салбар. Сүүлийн жилүүдэд салбарын бодлого алдагдлаа. Сүүлийн 2 жил байгуулагдсан Засгийн газар гажуудсан бодлогыг арилгахын төлөө хичээж ажиллаж байна. Шаардлагатай хууль тогтоомжуудыг УИХ-аас хэлэлцэж баталсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ХХААХҮЯ бүхий л чадлаараа маш сайн ажиллаж байгаа. Бидэнд амсхийх хугацаа байхгүй. Газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Энэ бүс нутгаа дагуулаад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.
Зоорьны асуудал дээр сая байнгын хорооныхон газар тариалангийн бүс нутгаар явж ажилласан. Өрхийн зоорьны аж ахуйг анхаараарай. Тариаланчид хэн нэгний гарт өгч, намар хямд өгч байснаас өрхийн зоорьны асуудалд дэмжлэг өгөөсэй гэж хүсч байсан.