Үйл явдал8 мин унших
Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал8 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЕрөнхий хяналтын сонсголд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон УИХ гишүүн Б.Саранчимэг, Н.Амарзаяа, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хэдхэн жилийн өмнө дэлхийн улс орнуудад гарч байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бид халаглан хүлээн авдаг байсан бол өнөөдөр манай улсад хүүхдийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэргүүд үйлдэгдэх боллоо. Үүнд тодорхой дүгнэлтүүдийг хийж яаралтай таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайлбал: 2018 онд улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бол үүний 230 буюу 44.9 хувь нь хүүхэд хохирогч болсон буюу 2017 онтой харьцуулахад 39.1 хувиар өссөн гэсэн аймшигтай үр дүнг дурдаж болно.
2006 оноос хойш 13 жилийн дараа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг 2019 оны 05 дугаар 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүний эрхийг хамгаалах талаар Улсын Их Хурлын тогтоол гаргахаар тогтож, холбогдох чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн. Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа сонсголоос гарах тодорхой саналыг тогтоолд тусган, хэрэгжилтийг хангуулах болно хэмээлээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар 49,489 дуудлага хүлээн авсаныг Ерөнхий хяналтын сонсголд хийсэн мэдээллийнхээ үеэр дурдсан.
Хүний эрхийн суурь зарчимд суурилж ялын бодлогыг чангатгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул Улсын Их Хурлын даргын захирамжаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахлан ажиллаж байгаа ажээ.

Саяхан явагдсан судалгаагаар асуулгад хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, түүнээс 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан байна. Давтамжийн хувьд хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь ихэвчлэн гэр бүл, сургуулийн орчинд гардаг байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өглөө.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн чухал арга хэмжээ нь олон нийтийг соён гэгээрүүлэх явдал бөгөөд энэ нь хүмүүсийн хандлага, зан авир, биеэ авч явах байдал, үнэлэмжид нөлөөлнө гээд боловсролын бүх шатны байгууллагууд, олон нийтийн клуб, соёлын арга хэмжээ, сүм хийд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргүүлж, ойлгуулж байж хүүхдийн эсрэг гэмт хэргийг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бүрдүүлж чадна гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, 2016 онд өмнөх оноос 11.4 хувиар өссөнөөс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд 78.2 хувь болж 6 хувиар өссөн, Онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Хүчиндэх” нийт 176 гэмт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 95.6 хувь нь бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэсэн мэдээллийг сонсголын үеэр өгсөн. Тэрбээр ийм гэмт хэрэгт ялын бодлого өөр өөрөөр шийдэгдэж буйг дурдаад хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг тэмдэглэж байлаа.
Ерөнхий хяналтын сонсголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан төв”-ийг байгуулан ажиллуулж байгаа аж.
Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч 16 даатгалын компаниудад санаачлага өрнүүлсний үр дүнд Санхүүгийн зохицуулах хороонд Хүүхдийн даатгал нэртэй даатгалын бүтээгдэхүүн Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн гэлээ.
Анхан шатанд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах хүний нөөц дутмаг байна. Орон нутгийн төсвийн хүрээнд нийслэлийн хороод, зарим аймгийн сумдад хөгжлийн нийгмийн ажилтныг ажиллуулж байгаа ч энэ нь хүн амын хэт төвлөрсөн хот суурин газарт 1 хүн хүрэлцэхгүй байгааг сайд онцлоод судалгаагаар наад зах нь 135 нийгмийн ажилтныг нэмэх тооцоо байгааг дуулгасан.

Тэрбээр, “Ерөнхий боловсролын сургуульд “Хүүхэд хамгааллын бодлого"-той болсон. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, түүнчлэн “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам", “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”-ын хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 395,253 суралцагчаас тэднийг эрсдэлд учруулж болох хүчин зүйл, шалтгааныг тодруулах судалгааг зохион байгуулж, нийгмийн орчин, сургуулийн орчин, гэр бүлийн орчинд суралцагчдад олонх тохиолддог эрсдэлт хүчин зүйлийг тодорхойллоо.
Тиймээс “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл"-ийг 2019 онд баталж, үлгэрчилсэн чиглэлд ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг нийт захирлуудад үүрэг болгосон байна.

Түүнчлэн Ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн Эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт А.Баярцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” Төрийн бус байгууллагын захирал Б.Жавзанхүү нар мэдээлэл хийсэн бөгөөд сонсголд оролцогчид асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.
Эцэст нь сонсгол даргалагч оролцогчоос ирүүлсэн саналыг уншиж танилцуулсны эцэст Ерөнхий хяналтын сонсгол өндөрлөлөө.