Үйл явдал2 мин унших
Инфографик: Соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан.
Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ)-ийн Ромын дүрмийг 1998 онд батлах үед түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн Шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Ромын дүрэмд тусгалгүйгээр баталсан байна.
Түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан тусгай ажлын хэсэг 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг ОУЭШ-ийн хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд Түрэмгийллийн гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба