Манай хоёр орны улс төрийн харилцаа өнгөрсөн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн. Энэ харилцааг худалдаа, хүмүүнлэг, боловсрол, байгаль орчныг хамгаалах чиглэлд өргөжүүлэн идэвхжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч оны 9 дүгээр сард тус улсад хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Монгол Улсын баруун бүсийн цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилготой “Мөнх байгалиа тэтгэх Мөсөн суварга” усан хангамжийн инновацын төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэвч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж байгааг ноён Элчин сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Цаашид хоёр улсын харилцааг улам өргөжүүлэхэд байгаль орчин, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын салбарт хамтран ажиллах бололцоо бүрэн бий. Тухайлбал, орон нутгийн төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, малчин хөдөлмөрчдийг сэргээгдэх эрчим хүчний анхан шатны мэдлэг олгох богино хугацааны сургалтад хамруулах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон төслийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, ноос, ноолуур, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах бизнес форумыг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах, соёл боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо
Эх сурвалж: