Онцлох мэдээ4 мин унших
Цар тахлын арга хэмжээнд Японоос 25 тэрбум иений зээл авна

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцэн батлав.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна.
Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэх юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь соёрхон батлахыг дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр хөл хорионы дэглэмийг сулруулах, 12 дугаар сарын 11-ний өдрийг хүлээхгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зарим төрлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдүүлэх хүсэлтээ танилцуулав. Энэ хүсэлтээ мөн бичгээр холбогдох газруудад хүргүүлж байгаа гэлээ.
Сэтгүүлч Enkhtuya
