#Шилэн хууль3 мин унших
Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС төслүүдийн санхүүжилт 100 хувь шийдэгдлээ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээ болон тэнцвэржүүлсэн тэнцэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн зардлыг тусгаж тооцдог ч импортыг орлож, үйл ажиллагаагаараа зардлаа нөхөх боломжтой төслүүд тэр хязгаараас даваад буй юм.
Иймд санхүүжилтийг гадаад зээлийн эх үүсвэрээр шийдэхээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын гишүүд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн. Ингэхдээ дээрх 2 төслөөс гадна Нийслэлээс хэрэгжүүлж буй “Сэлбэ-Дэд” төвийн төслийг хамтад нь оруулж ирсэн нь уг хуулийн төсөл УИХ дээр унах шалтгаан болоод байв.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг Сангийн сайд З.Мэндсайхан дуулгаад, төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг Улсын Их Хурлын даргад уламжлан, дахин өргөн мэдүүлсэн билээ. Ийнхүү өнгөрөгч Баасан гарагт /2026.05.22/-ны нэгдсэн чуулганы хуралдаанаар хууль батлагдаж, Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС төслүүдийн санхүүжилт 100 хувь шийдэгдлээ.
Уг 2 төсөл 100 хувь хэрэгжиж дуусахад шаардлагатай нийт зардал 5.3 их бөгөөд энэ онд хийгдэх төсөв нь 1.8 их наяд байгаа юм.
Манай улсад төсөл хэрэгжүүлэхээр зээлсэн 13.8 их наяд төгрөгийн үлдэгдэл бий. Үүний 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй. Иймд ирэх 3 жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай уялдуулж стратегийн ач холбогдолтой 2 том төслөө зээлийн үлдэгдлээс санхүүжүүлэх бодлого ийнхүү амжилттай хэрэгжихээр болж байна.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хоёронтаа орж ирж батлагдсан Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүдийн онцлох байр суурийг хүргэж байна.
Н.Алтаншагай: Тал еэвэнгийн үлгэр шиг юм болж, Сэлбэ дэд төвийн санхүүжилт энэ хуулийн гадна үлдлээ

Сэлбэ дэд төв Улаанбаатар хотод бараг л 40 ,50 жилийн дараа хийгдэж байгаа ийм томоохон цогцолбор хороолол. МАН-ын мөрийн хөтөлбөрт шат, шатад дэвшүүлэн оролцсон. Сүүлийн үед улс төржилт хэрээс хэтрээд,нийслэл дээр явж байгаа бүтээн байгуулалтын ажлыг их хурал дээр оруулж ирж ярьдаг, гоочилдог, шоглодог ийм үзэгдэл газар авсан. Улаанбаатарыг 14 хотод хуваах хамгийн том эхлэл, хотын хэт төвлөрлийг бууруулах олон талын ач холбогдолтой байсан. Сэлбэ төв хуулийн гадна үлдсэнээрээ эрсдэл үүсэх үү. Зогсохгүй цаашаа үргэлжлэх үү?
М.Бадамсүрэн: Түүхий тосоо дотоодын эх үүсвэрээр хангах асуудал хамгийн чухал

Мөнгийг нь шийдээд үйлдвэрээ барьчих юм байна. Харин түүхий тосоо дотоодын эх үүсвэрээр хангах асуудал орхигдоод байна. Бидэнд газрын тосоо олборлох төрийн өмчит олборлолт, хайгуулын компани алга. Үйлдвэрт шаардагдах түүхий тосыг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах бодлогыг хэрэгжүүлэх Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг яаралтай хангаж ажиллая.
Л.Соронзонболд: 9 жил төсөв нь шийдэгдээгүй Газрын тосны үйлдвэр зах зээлийн эрэлтийн 50 хувийг дотооддоо хангах тул дэмжиж ёстой!
Эдийн засгийн хувьд ашигтай Газрын тосны үйлдвэр, баруун бүсийг цахилгаанаар бүрэн хангах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулалтыг тухайн жилийнхээ төсөв дээр тавьж чаддаггүй асуудал байсан. Тиймээс Гадаад зээлийн ашиглалтыг дэмжих тухай өмнөх төслийг өргөн барихад дэмжиж гарын үсэг зурсан. ЗГ-аас орж ирж байгааг ч дэмжиж байна. Монгол Улс жилдээ 2 тэрбум долларыг бензин шатахуунд зарцуулдаг. Үүний 50%-ийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох нь стратегийн маш чухал ач холбогдолтой. Харамсалтай нь энэ төсөл 2017 оноос хойш явсаар байна. Цаг хугацаанд нь дуусгах нь маш чухал.