Үйл явдал3 мин унших
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг тус хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэж заасан. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан ба Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2025 оны байдлаар Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан, хэрэгжилтийг Засгийн газар хариуцаж байгаа нийт 17.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 72 төслийг хэрэгжүүлж, эдгээрээс 5.3 их наяд төгрөг буюу 29.6 хувийг ашигласан, 2025 онд 1.5 их наяд төгрөгийг ашиглахаар 2025 оны төсвийн тухай хуульд баталсан. Эдгээр төслийн 82 хувь нь 2025-2028 онд хэрэгжиж дуусахаар гэрээ, хэлэлцээртэй байгаа нь гэрээний хугацаанд санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлж, төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай талаар илтгэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэгтэй “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч, санхүүжилтийг шийдвэрлэх гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Тиймээс Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн төсөл нь 10 зүйлтэй бөгөөд уг анхдагч хуулийг төслийг баталснаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүйгээр үл барам, олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тухайлбал, Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарлыг бууруулах, валютын гадагшлах урсгал эрс багасах, 2300 гаруй ажлын байр нэмэгдэх, улсын хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх тооцоолол гаргаснаа төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан.
Гадаад зээллэгийн санхүүжилт нь Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн томоохон эх үүсвэр төдийгүй үндэсний хэмжээний дэд бүтцийн сүлжээг бүрдүүлэх, нийгмийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, төсвийн богино хугацааны ачааллыг бууруулах, гадаад зээллэгийн төслүүдийг дагаж салбаруудад шинэ техник, технологи, инновац, ноу-хау нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болгох ач холбогдолтой. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дагалдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй хэмээн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцууллаа.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан Үндэсний аудитын газрын тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.