ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ сарын 16-ны өдөр Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, тариалангийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор яаралтай горимоор хэлэлцэн баталж өгөхийг хүссэн. Үүний дагуу УИХ-аар дээрхй хуулийн төслийг хэлэлцэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр баталлаа.
Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 7.4 мянган тонноор, төмс 50.4 мянган тонноор, хүнсний ногоо 20.4 мянган тонноор, тэжээлийн ургамал 52.1 мянган тонноор тус тус ахиу байна.
Хэдийгээр хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж газар тариалангийн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан техникийн шинэчлэл төдийлэн хангалттай түвшинд хийж чадахгүй, бордоо, ургамал хамгааллын бодисыг 100 хувь импортлон авч ашиглаж байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомсдохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байна.
Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэж байгаа бөгөөд үүний 52 хувь буюу 173 сая ширхэг өндөг дотоодод, үлдсэн 48 хувь буюу 161 сая ширхэг өндөг /Гаалийн ерөнхий газрын статистик 2019 оны мэдээ/ импортоор орж ирдэг. Импортын өндгийг ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск мужаас оруулж ирж байна. 2010 оны үед шувууны аж ахуй эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгж байсан боловч импортын зах зээлийн үнийн өрсөлдөөний улмаас хаагдаж өнөөгийн байдлаар шувууны аж ахуйн чиглэлээр 9 томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлахад гол нэрийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах асуудлыг шийдвэрлэхэд төрийн зүгээс холбогдох татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх зохицуулалтын хувилбар нь оновчтой болох талаар судалгааны зөвлөмж гарсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан, баталсан юм.
- Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд коронавируст цар тахлын нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар,
- 2 дугаар зүйлд нэмэгдсэн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг Засгийн газар батлахаар зохицуулалт тусгажээ.
Төрөөс баримталж буй тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулах, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих, иргэдээ эрүүл аюулгүй, дотоодын үйлдвэрлэлийн хүнсээр хангах нөхцөл бүрдэхэд нөлөөлнө.
Хуулийн төсөл 2022 оны 01 дүгээр сарын 01 өдөр хүртэл хүчинтэй хэрэгжинэ.
Эх сурвалж: