Бүгд Найрамдах Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд “Хилийн төмөр замын хэлэлцээр"-ийг 1955 онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийн хүрээнд хилийн өртөөг ганцхан Замын-Үүд-Эрээн байхаар тогтоож хэлэлцээрийн хүрээнд өнөөдрийг хүртэл Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтыг ашиглаж иржээ. Уг хэлэлцээрт гал тэрэгний хөдөлгөөний нөхцөл, ачаа тээврийн төлөвлөгөө тохиролцох журам, ачаа тээвэрлэлт, зорчигч тээвэрлэлт, талуудын хариуцлага зэрэг зарим зарчмын асуудлыг тусгасан боловч хэлэлцээр байгуулагдсанаас хойш 70 орчим жил өнгөрсөн байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д тодорхойлсноор Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлын нэг нь боомтуудын үйл ажиллагааны тогтвортой бус байдал юм. Экспортын голлох бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд авто болон төмөр зам, боомтуудын хүчин чадал, гаалиар нэвтрэх тоо, боомт хооронд зарцуулах хугацаа чухал үүрэгтэй. Боомт болон уурхайг холбосон тээврийн сүлжээ нь уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гарцад шууд нөлөө үзүүлж байна.
Иймд боомтуудыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Боомтуудыг өргөтгөн шинэчилснээр боомтуудын ачаа нэвтрүүлэх одоогийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж 160 сая.тн-д хүргэх, боомтууд дээрх хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нэгдмэл удирдлагад оруулан цахимжуулах замаар бүтээгдэхүүний хилийн хяналтад зарцуулах хугацааг 40 хувиар бууруулах, гаалийн хяналт бүрдүүлэлт, лабораторийн үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр бизнес эрхлэгчдийн экспортод зарцуулах хугацааг нийтдээ 53 хувиар бууруулах тооцоолол гарчээ.
Тогтоолын төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор 1955 оны "Хилийн төмөр замын хэлэлцээр"-т өөрчлөлт оруулах асуудлыг судлах, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Төмөр замын хилийн боомтын холболтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн болон барилга байгууламжийг цогцоор нь барих ажлыг эрчимжүүлэх, нүүрсний ордыг иж бүрэн ашиглаж, эдийн засгийн үр өгөөж, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан байна.
Хил дамнасан төмөр зам баригдсанаар Тавантолгойн бүлэг ордын үнэ цэн өсөх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх, төсвийн орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Эх сурвалж: