Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх юм.
Хэлэлцээр хэрэгжсэнээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа өөрийн улсдаа шимтгэл төлснөөр нэгтгэн тооцуулж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах ач холбогдолтой.
Тухайлбал, Монгол Улсын иргэн өөрийн улсдаа 12 жил, Австри Улсад 13 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хоёр улсын тэтгэврийн насанд хүрсэн гэвэл хоёр улсад шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн 25 жилээр тооцуулж, тэтгэврийн эрх үүсгэх бөгөөд Монгол Улсаас шимтгэл төлсөн 12 жилд ногдох тэтгэврийг, Австри Улсаас 13 жилд ногдох тэтгэврийг тус тус тогтоолгох авах боломжтой болно.
”Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийг хоёр улсын парламентаар соёрхон баталснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Ташрамд дурдахад, манай улс одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна.
Түүнчлэн, Бүгд Найрамдах Казахстан Улс, Австралийн Холбооны Улстай хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улстай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: