Үйл явдал3 мин унших
Чимээгүй тахал...

Өмнөд Солонгост сургуулийн дээрэлхэлтийн түүхтэй суралцагчид Их сургуульд элсэх эрхгүй болжээ.”…гэсэн мэдээ манай хэд хэдэн сайт, сошиал хуудаст хандалт маш өндөртэй харагдсан. Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг асуудал манай боловсролын салбарт чимээгүй тахал мэт газар авсан байлаа…
Хайхрамжгүй, гүндүүгүй аав ээж, асран хамгаалагч нар одоо ч бий л дээ. “Орчин үед их сүржин болжээ”, “Чиний насан дээр ингэж л байдаг юм...” гэсхийгээд хаядаг нөхдүүд. Гэхдээ хүүхдүүд өөрсдөө хэрэгтэй юмаа тусгаж авахдаа их хурдан байдаг. Аливаа харилцаа үргэлжилж байгаад үе тэнгийн дээрэлхэл, гадуурхал, хүчирхийллийн хэлбэр рүү орчихлоо гэдгийг маш соргогоор мэддэг болчихсон.
Багшдаа, сэтгэл зүйчдээ хэлдэг болсон. Мөн олон эцэг, эх хүүхдүүдээ хайхрахгүй байхын оронд ярилцах, ойлголцохыг эрхэмлэдэг болсон гээд гарсан өөрчлөлтүүд нүднээ ил харагдах болсон юм. Жилийн аян гэдэг зүйлийг зөв зохион байгуулбал үнэхээр үр дүнд хүрдэг юм шүү.
Хор хөнөөл нь их атлаа нүдэнд ил харагддаггүй асуудал, зовнилыг бид ийн нэрлэдэг. Эдгээрийн нэг нь “Үе тэнгийнхний дээрэлхэл” юм. Bullying гэдгийг бид ингэж монголчилсон. Илүү оновчтой нэршил цаашдаа гарах л байх. Ер нь бол хүн анх үүсэхэд л хамт үүссэн үзэгдэл байж таарна.
Илүү хүчтэй, илүү олуулаа, илүү хорон санаа бодож олсон нь бусдыгаа дээрэлхдэг. Гэхдээ орчин цагийн хүний нийгэмд үүнийг зөвшөөрөх ёсгүй. Яаж ийгээд бий болдог, далд хэлбэрээр оршиж л байдаг энэ үзэгдлийг багасгах хамгийн үр дүнтэй арга бол ийм үзэгдэл байгааг “мэдэх” явдал байлаа.
Судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож байсан гэдэг аймшигт дүнтэй. Амиа хорлосон, эсвэл хорлохыг завдсан хүүхдийн эцэг эх бараг бүгдээрээ л хүүхдээ юу төлөвлөж байгааг огт мэдээгүй байдаг. Учир нь хүүхдүүд багш, эцэг эх, ойрын хүнтэйгээ зовлонгоо хуваалцахаа больчихсон байдаг аж.
Яагаад гэвэл өмнө нь хуваалцах гэж үзсэн, харин хариуд нь шоолуулах, загнуулах, эс хайхрах хариулт авсан байдаг. Бараг л бүх хүүхэд! Тэгвэл юу таныг хүүхдийг ийм болгов, яаж олж мэдэх вэ, хэрхэн сэргийлэх вэ, яаж аврах вэ? гэдэг зүйлийг орон даяар мэдүүлэх зорилгоор бид 2022 оныг үе тэнгийн дээрэлхлийн эсрэг жил болгон зарлаж байв. Үр дүн үнэхээр гарсан.
Эгнээндээ 40 гаруй байгууллагыг нэгтгэсэн “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран нийслэлийн нэгэн дүүргийг сонгон авч ажилласан юм. Үүний үр дүнд үе тэнгийн дээрэлхлээс урьдчилсан сэргийлэх “Баллуур” ээлжит хичээлийн хөтөлбөр, Кино цаг аргачлал, багш удирдлагуудад зориулсан сургалтын модуль зэрэг олон арга, аргачлалтай болсон.
Энд нэг зүйлийг онцлоход хамтран ажилласан байгууллага маань дүгнэлтдээ: “Үнэндээ бидний сонгон ажилласан сургуулийн удирдлагуудын 60% энэ асуудлыг хүлээж авсангүй. Бид хандлагыг нь өөрчилж чадсангүй. Үүнийг байдаг л зүйл, сүржигнэх хэрэггүй. Сургуулийн нэр хүндэд халдаж, жижиг зүйлийг, энгийн маргааныг дөвийлгөж байна гэж үзэж байна” гэсэн нь урам хугалж байлаа… Энэ сэдвийг тойрсон үйл явдлуудыг номынхоо “Хар дарсан зүүднээс сэрээгчид” бүлэгт дэлгэрэнгүй өгүүлсэн тул дараа үргэлжүүлэн та бүхэндээ хүргэх учир ингээд дуусгая. үргэлжлэл бий…
СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ ба РЕФОРМ номын хэсгээс …


