Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Данзанравжаа хутагтын мэлмий гийсний 222 жилийн ойг тэмдэглэж буй нийт Дорнын говийн зон олон, наадамчиддаа баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Үндэснийих баяр наадам нь Монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.

Зөнч, оюуны агуу сэтгэгч хутагт Данзанравжаа дорнын цэнхэр говийг олон хэлийн, олон хөлийн газар болж хөгжинө гэж зөгнөсөн нь өнөөдөр биеллээ олж, их хөгжлийг хэрэгжүүлэх эрин цагт бид төрснөөрөө бахархаж байна.
Дорноговьчууд бид нутаг орныхоо нийгэм-эдийн засагт нэн чухал бүтээн байгуулалтуудаа эрэмбэ дараатай хэрэгжүүлэн, хөгжлийг нутгийн иргэн бүрт хүргэж, боловсролтой, ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, хүн төвтэй нийгмийг цогцлооход чиглэсэн бүтээн байгуулалтыг нийгэм, эдийн засгийн бүхийл салбарт нийт ард иргэдийн эв хамтын хүчээр жигд өрнөж байна.

-Ахмад үе, хүүхэд залуус, хөдөлмөрлөж яваа эгэл ажилчид,
-нүүдэлчин соёлыг хадгалж буянт мал сүргээ өсгөж буй малчин ард,
-аймгийн бүх шатны удирдлага, төрийн албан хаагч нар,
нутгийн иргэдийн итгэл сэтгэл, ХАМТЫН ХҮЧ-ээр өнөөдөр “Эв нэгдлийн Дорноговьчууд” бид 94 жилийн түүхэнд бүтээснээ бататган, ирэх жилүүдэд нутгийнхаа хөгжлийг түүчээлсэн амжилтаар үргэлжлүүлж байна.
Автотээврийн салбарын түүхт 100 жилийн ой өнгөрсөн 7 хоногт тэмдэглэж, Нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө мэдлэг оюунаа чилээж, хүч хөдөлмөрөө зориулж, хамт олноо манлайлан ажиллаж, эрхэлж байгаа салбартаа амжилт гаргаж, Дорноговь аймгаас МОНГОЛ УЛСЫН 3 ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН төрөн гарлаа.
Хөдөлмөр зүтгэлээ бодитой үнэлүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан Дорноговь аймгийн хүндтэй иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Наадамчин олон та бүхэн минь сайхан наадаарай.
Эрэмгий бөхчүүдийн бяр мэх нь даацтай байж, эгэлгүй хийморьлог хүлгийн хурд шандас нь эрчтэй байж, эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байх болтугай.
Өлзий хутаг өнөд дүүрэн орших болтугай.