Өнөөдөр /2025.07.18/ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Цэнхэрмандал сумын 100 жилийн тэгш ойн наадмын баярын хуралд УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт оролцож, Зүүн бүсээс сонгогдсон гишүүд, нийт Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлж, наадамчин олонтойгоо нутаг орныхоо талаар хууч хөөрлөө.

Зүүн бүсээс сонгогдсон УИХ -ын гишүүдийн зүгээс тэгш ой бүхий Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сумдадаа тус бүр 10 сая төгрөгийн хандив хүргэж байгаа юм. Мөн өнөөдөр сумын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан ахмадууд, салбар, салбарын сайчууддаа шагналыг нь аймаг, сумын удирдлагуудын хамт гардууллаа.

Тэрбээр "Цэнхэрмандал сум нь хуучин Эх Дагинын отог гэж байсан бөгөөд 1925 онд Баянзүрх уулын хошууг шинээр байгуулагдахад Цэнхэрмандал сум гэж Наран, Бор хужирын хөлд эсгий гэртэй анх байгуулагдсан түүхтэй. Монголын нууц товчоонд дурдагсан алдарт Хар зүрхний хөх нуур, Сэнгүр горхи /Цэнхэрийн гол/ Хэрлэн гол зэрэг олон баялаг түүх дурсгалт газар, ан амьтан элбэгтэй аялал жуулчлал хөгжсөн, ашигт малтмалаар баялаг нутаг юм.
Цэнхэрмандалчууд Цэнхэрийн голынхоо хөвөөнд түүхт ойгоо ийнхүү ёслол, төгөлдөр эхлүүлж байна. Дэнж хотойтол сайхан наадаарай" гэв.