Үйл явдал3 мин унших
Б.Дэлгэрсайхан: ЗТЯ-наас ирэх онд шинээр зам тавихаас илүү хуучин замуудаа засах, он дамжин үргэлжлэх төслүүдээ чанартай хэрэгжүүлэхэд түлхүү анхаарна

2026 оны улсын төсөвт иргэд, олон нийтийн санал авах хэлэлцүүлэг өнөөдрөөс эхэллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд өнөөдөр тус яам болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, ЗТХЯ, ЭХЯ, ЦХИХХЯ-ны ирэх оны төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо.
Зам, тээвэр хөгжлийн салбарын төсвийн хэлэлцүүлгээс мэдээлэл хүргэж байна. Хэлэлцүүлэгт тус салбарын сайд Б.Дэлгэрсайхан, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон газрын дарга нар оролцож, иргэд болон иргэний нийгмийн төлөөллийнхний асуултад хариулт өглөө.
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр, Авто зам барилгын ажлын төсвийг олон он дараалан хувааж тавьдгаас санхүүжилт тасарч, замын ажил удааширдаг. Замын компани бүх машин, тоног төхөөрөмжүүдээ тухай зам барих газарт аваачаад 5-6 жилээр зогсдог байдлаа одоо болимоор байна. Санхүүжилт тасрахгүй бол замын компаниуд ажлаа шуурхай гүйцэтгэж дараа дараагийн ажилдаа орно. Гурван жилд барих замын төсвийг дутуу тусгаж сунжруулснаас бүрэн дуусаагүй, бороо уснаас хамгаалах ажлаа гүйцэтгээгүй орхиход дахин усанд урсана, давхар давхар ажил болдог.
Энэ нь компанидаа ч хортойн дээр сайхан замтай болох нь гэсэн ард иргэдийн хүлээлт ч талаар болдог. Замын компани болон иргэдийн дунд үл ойлголцол үүсдэг. Асуудал нь төсөв дээр гурав жилд багтах ажлын төсвийг зургаан жилийн төсөв дамнуулан тавьдгаас үүсэлтэй.
Жишээлбэл, Дорнодын Хавиргын боомт хүртэл 124 км зам 2023 онд эхэлсэн. Төсвийн тухай хуулиар гурван жилийн хугацаанд гүйцэтгэх ёстой буюу энэ жил ашиглалтад орох хуваарьтай ч санхүүжилтийн 40-хөн хувийг олгоод байна. Дорнодын Ульхан боомт хүрэх замын төслүүд, баруун аймагт баригдаж буй замын төслүүд гэх мэтээр жагсаалтыг гаргаад байна. Гурван жилдээ барих боломжтой замын төсвийг зургаа хувааж төсөвт тусгадаг нь компаниудад хүндрэл учруулж буйг тэрбээр дурдаад, ирэх оноос энэ байдлыг анхааралдаа авч төсвөө батлахыг хүслээ. Мөн тэрбээр авто замын хураамжийг зам засвар, арчилгаанд нь зарцуулдаг болохыг салбарынхнаас хүссэн юм.
Мөн сүүлийн үед баригдсан замуудын чанар хангалтгүй байгааг иргэд шүүмжилсэн бол зам барихдаа эдийн засгийн үр ашгийг давхар тооцож байхыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан сануулав.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамнаас ирэх онд шинээр зам тавихаас илүү хуучин замуудаа засаж сайжруулах, он дамжин үргэлжлэх төслүүдээ чанартай хэрэгжүүлэх ажилд илүү түлхүү анхаарч ажиллана. Мөн эдийн засгийн үр өгөөжтэй замд илүү төвлөрч ажиллах бодлого баримтална.
Автозамыг дан ганцхан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих бус төр хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын жишгээр барих чиглэлд анхаарч ажиллана.
Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна. Автозамаа сайжруулах, сайн зам дээгүүр зорчихын тулд замын хураамжаа нэмэгдүүлж, эргээд замаа сайжруулахад зарцуулья.
Эдийн засагчдын хэлж буйгаар эдийн засгийн үр өгөөжтэй, тусгай зориулалтын чанартай автозам тавиад, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлээд, төлбөрийн системийг нь зөв нэвтрүүлж өгвөл иргэдийн ая тухтай зорчихоос гадна иргэдийн аюулгүй байдал хангагдана. Энэ нь айл өрхийн, иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй байх болно.
Ачаа тээврийн автомашины хувьд мөн тохирсон тооцоо судалгааг хийгээд, эдийн засгийн үр өгөөжтэй замд тохирсон төлбөртэй зорчуулах, үүнийг мөн иргэдэд эдийн засгийн хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэнэ гэлээ.
Эх сурвалж:
Gogo.mn

