Үйл явдал1 мин унших
Монголын сэтгэл зүйн нийгэмлэгийнхтэй уулзлаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн төлөөллүүдтэй өнөөдөр /2025.08.12/ уулзаж Монгол дахь сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэдэг, мэргэшүүлдэг тогтолцоо, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, энэ салбарын эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлуудын хүрээнд мэдээлэл өгч, санал солилцон цаашид сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг хуулиар зохицуулах шаардлага байгааг ярилцав.
Нийгэм, цаг үеийн өөрчлөлт, хөгжил явагдах тусам улс орнууд ард иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг чухлаар авч үзэх болжээ. Монгол улсад ч мөн энэ эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд иргэд сэтгэл зүйн үйлчилгээг авах боломж, нөхцөл нэмэгдэх нь нийгэм дэх сэтгэл зүйн тулгамдсан асуудал буурах, ард иргэдийн амьдралын чанар дээшлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.
Тус ажил нь үе шаттай олон үйл ажиллагаа шаардлагатай, урт хугацаанд үргэлжлэх ажил хэдий ч УИХ-ын гишүүн О.Саранчулуун дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр энэ асуудлыг ажил хэрэг болгохын тулд Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг сэтгэл зүйчдээ зохион байгуулж судалгаа, хэлэлцүүлгүүд хийх, хууль боловсруулах бэлтгэл ажлууд дээр дэмжиж ажиллахыг хүслээ. Энэ хүсэлт, дэмжлэгийг бид халуун дотноор хүлээн авч урдын адил сэтгэл зүйчидтэйгээ ярилцаж, энэ чиглэлээр хамтран ажиллахаа хэлэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


