Үйл явдал2 мин унших
“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

Улсын Их Хурлын гишүүд УИХ-ын гишүүд /2026.05.23/ нийслэлд зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд нэгдэж, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриаллаа.
11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт нь нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ жил 46 мянга гаруй оролцогч бүртгүүлжээ. Мөн 42 орны тамирчид оролцож буйгаараа онцлог байлаа. Өнөөдрийн арга хэмжээнд нийт 130 орчим мянган иргэн оролцов.
“Улаанбаатар марафон” нь бүтэн марафон /42.195 км/, хагас марафон /21 км/, 10 км, 5 км болон гэр бүлийн гүйлтийн төрлүүдээр зохион байгуулагддаг бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, олон улсын хэмжээний томоохон спортын арга хэмжээ болон өргөжиж байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
2014 онд дэлхийн хамгийн хүндийн нэг болох Нью-Йоркийн марафонд гүйж байсан. Тэр үед би өөрийгөө шинээр бүтээж эхэлсэн. Бас өөртэйгөө адилхан хүмүүст “болдог юм байна” гэсэн итгэл өгөх гүйлтийн замнал маань тэндээс эхэлсэн. Харин одоо УИХ-ын хамт олноо уриалаад гүйж байна. Нийтийн биеийн тамир эндээс эхэлнэ.
Ямар ч байсан, хаана ч байсан Нийтийн биеийн тамираа дэмжихийн тулд би дахиж гүйнэ. Өөрийгөө чирнэ, өрөөлийг ч урина. Хөдөлгөөн бол өрсөлдөөн биш, амьдралын хэв маяг юм. Бодлого шийдвэр гаргаж улс орон жолоодож яваа УИХ нэг гишүүн ч болтугай ирээд гүйх нь зохион байгуулагчдын хувьд хичнээн чухал байдаг гээч, үүний чинь цаана бодлого сайжирна шүү дээ. Нөгөө талаас гишүүд ч бас хүн.





Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

