#Коммент2 мин унших
Ж.Энхбаяр: Монгол Улс стратегийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр бүрдүүлж байж "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-аа бэхжүүлнэ

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэж юу вэ?
"Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэдэг ойлголт сүүлийн жилүүдэд улс төр, олон улсын харилцаа, аюулгүй байдал, хөгжлийн бодлогын хүрээнд өргөн хэрэглэгдэх болсон.
Энэ яг юуг хэлээд байна вэ гэж асуух хүмүүс цөөнгүй. Энэ талаар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж буй Ж.Энхбаяр сайд хэлэхдээ,

"Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэдэг нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, батлан хамгаалах, мэдээлэл, дэд бүтэц зэрэг бүх салбарт үүсэж болзошгүй эрсдэл, сорилт, гаднын нөлөөлөл, цочролд (дайн, байгалийн гамшиг, цар тахал, эдийн засгийн хямрал, мэдээллийн дайралт гэх мэт) сөрж тэсвэрлэх, богино хугацаанд даван гарах, өөрийгөө сэргээж хөгжих чадварыг хэлж байгаа юм гэв.
Энэ ойлголтын үндсэн агуулга дараах хэмжээсүүдээс бүрдэнэ.
Аюулгүй байдлын хэмжээс
Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах чадвар
Гаднын улс төр, мэдээллийн нөлөөллийг даван туулах чадамж
Эдийн засгийн хэмжээс
Хямралд тэсвэртэй, өөрийгөө хангах чадвартай эдийн засаг
Хүнс, эрчим хүч, стратегийн нөөцөө дотоодоосоо хангах боломж
Нийгмийн хэмжээс
Иргэдийн эв нэгдэл, итгэлцэл.
Олон нийтийн сэтгэл зүй, соёл, үнэт зүйлээ хамгаалах чадавх
Дэд бүтэц ба байгаль орчны хэмжээс
Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийг даван гарах бэлтгэл
Эрчим хүч, харилцаа холбоо, тээврийн сүлжээний найдвартай ажиллагаа
Төрийн бодлого, удирдлагын хэмжээс
Хямралын үед шуурхай шийдвэр гаргах, тогтвортой удирдлага хэрэгжүүлэх чадавх
Иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагын хамтын ажиллагаа
Өөрөөр хэлбэл, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэдэг нь улс орны хүнд үед сөхрөхгүй, хурдан сэргэж, цааш хөгжих суурь дархлаа гэж ойлгож болно.

Монгол Улсад “үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ыг бэхжүүлэхийн тулд:
1. Хүнсний аюулгүй байдал-өөрийгөө хангах газар тариалан, мал аж ахуй, хөнгөн, хүнсний салбарыг хөгжүүлэх,
2. Эрчим хүчний хараат бус байдал-дотоодын эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх,
3. Мэдээллийн дархлаа-кибер хамгаалалт, иргэдэд мэдээллийн боловсрол олгох,
4. Өргөн суурьтай эдийн засаг-уул уурхайгаас хэт хараат бус байх,
5. Нийгмийн эв нэгдэл-үндэсний үнэт зүйл, итгэлцэл бий болох ёстой юм.
Энэ бүгд нийлж байж л Монгол Улс ямар ч гадны болон дотоодын цочролд сөрөн тэсвэрлэх чадвартай, хурдан сэргэдэг улс болж чадна.

Монгол Улс стратегийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдүүлэх буюу өөрсдөө тарьдаг, ургуулдаг, хийдэг, бүтээдэг болж хэн нэгний гарыг хардаггүй тогтвортой нөөц бүрдүүлдэг болох ёстой юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


