Үйл явдал1 мин унших
Казахстан Улс нь Монгол Улсын хувьд Төв Ази дахь “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны орон болжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.08.29) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Алмас Сейтанкыновд БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр, түүх соёл, өв уламжлалын хэлхээ холбоотой БНКУ нь манай улсын Төв Ази дахь чухал түнш бөгөөд бүх салбарт идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн гэдгийг тэмдэглэв.

БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа шат ахин “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд Казахстан Улс нь Монгол Улсын хувьд Төв Ази дахь “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны орон болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 7 дугаар сард Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ БНКУ-ын Парламентын Мажилисын танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийж, харилцан санал солилцсон нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов.


