Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй байгаа. Мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй. Эдгээр асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болсон.
Дээр дурдсанчлан цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер гэх шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцаа манай улсын хувьд хууль, эрх зүйн зохицуулалтгүй, шинэ тутам үүссэн харилцаа. Иймд хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны хүрээнд Их Британи, ХБНГУ, Дани, Испани, Ирланд, Эстони, Болгар, Хорват Казахстан зэрэг бусад улсын эрх зүйн зохицуулалтыг дэлгэрүүлэн судалж, зарим шинэлэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан юм.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг зохицуулахаар тусгасан.
Үүнд:
• “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам;
• Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс;
• Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлага;
• ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц асуудлуудыг зохицуулна.