Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Монгол Улсын Аварга малчин Т.Мөнгөн-Эрдэнийд буугаад мордлоо

Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг ногоо дэлгэрч малчин түмэн маань нутаг усандаа сэтгэл амар аж төрж байна. УИХ-ын гишүүн Р.Сэддорж Монгол Улсын Аварга малчин Тавхайхүүгийн Мөнгөн-Эрдэнийхээр буугаад мордлоо.

Тэрбээр, "Бага балчир насандаа тоглож өссөн найзынхаа аварга малчны мялаалга наадамд уригдсан ч ажлын шаардлагаар ирж амжаагүй юм. Намаржаандаа тохитой сайхан нутаглаж байгаа аваргынх, адуу малаа маллан буянт сүргээ өсгөн үржүүлж, нутгийн олныхоо хүндэтгэлийг хүлээн уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, улс орон аймаг сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар явна. Аймаг сумын алдарт уяач, аварга малчин Т.Мөнгөн-Эрдэнэ гэргийн хамтаар биднийг сайхан хүлээн авч, хол ойрын сонин сайхнаа хуучиллаа. Өмнөговь аймгийн малчид олон жил дараалан отор нүүдэл хийж малынхаа төлөө өөрсдийгөө мартан зүтгэж ирсэн. Нийт малчдын 80 гаруй хувь, нэг сумын л гэхэд бүх малчид оторт нүүсэн тийм л цаг үеийг туулсан. Говийн малчид бол баатарлаг хүмүүс тиймдээ ч мал сүргээ өсгөж, залуусыг малжуулж, нийгэмд тустай олон үйл ажиллагаанд гар бие оролцон, байгаль цаг уурын хэцүү бэрхийг даван туулдагт нь гавьяа шагналыг нь төрөөс харамгүй хайрлах ёстой гэж боддог.
Цаашид олон олон аварга малчдыг араасаа дагуулах болтугай" гэв.


