Байр суурь1 мин унших
Ж.Сандагсүрэн: Хувийн хэвшлийн бизнес хийх нөхцөлийг бүрдүүлж, хамтарч ажиллана
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэх, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. НИТХ-ын Төлөөлөгчдөөс бүрдсэн энэхүү Ажлын хэсгийнхэн /2025.07.09/ МҮХАҮТ-ын төлөөлөлтэй уулзалт хийж, хамтран ажиллалаа.
НИТХ-ын Төлөөлөгч Ж.Сандагсүрэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед эдийн засгийн эргэлтийг сайжруулъя, эдийн засгийн орчноо сэргээе, бизнес эрхлэгч, ажил олгогчдоо дэмжиж байж энэ хүндрэлийг даван туулна.
Хоёрдугаарт, Нийслэл өөрөө маш том худалдан авагч болсон. Том хөрөнгө оруулагч болсон. 5 их наядын бүтээн байгуулалт хийнэ. Энэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай урагшлуулахын тулд, төрийн шат дараалсан хүнд суртлыг арилгах, төр хувийн хэвшилтэйгээ хамтарч, ойлголцож, уялдах ёстой.
Хувийн хэвшлийнхээ шийдвэрлэж чадахгүй байгаа ажлыг төр нь зохицуулдаг, бойжиж бэхжихэд нь үүсэж байгаа бэрхшээлийг хамтарч арилгадаг байх хэрэгтэй. Энэ нь төрийн үүрэг.
Ажил хийх гэж яваа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд дааж давшгүй олон шаардлага тавьдаг, материал, зөвшөөрөл бүрдүүлэхийг тулгадаг байдлаас болж үндэсний компаниуд шантардаг, үүд хаалгаа барьдаг, татвар, цалингийн дарамтад ордог, дансаа хаалгадаг бэрхшээлийг үзэж байна. Төрийн бүх шатанд хандлага харилцаа, ойлголтоо өөрчилье. Манай Ажлын хэсэг хувийн хэвшил, аж ахуйн нэгж, компаниудынхаа асуудлыг сонсоно, шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлнэ" гэв.

