Үйл явдал2 мин унших
ЭЗХЯ: Энэ 7 хоногт

Эдийн засаг хөгжлийн яамны өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Хөгжлийн төлөвлөгөөг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй тус тус уялдуулан боловсруулсан.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газраас нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн “Бизнесийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуулийг дагасан 99 хуульд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан 15 хуульд, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийг дагасан 87 хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалт болоод бизнесийн орчныг дэмжих юм.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцсон ч, Засгийн газраас тавьсан 700 онооны босгыг даваагүй тул “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, дотоодын компаниуд олборлолт явуулахаар боллоо.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Энэ сард хэрэгжүүлэх ажлуудыг нарийвчлан төлөвлөх, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг шуурхай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлээр холбогдох газрын дарга нарт үүрэг өгөв.
Карекийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр боллоо
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Бүс нутгийн худалдааны ажлын хэсэг болон Гаалийн хамтын ажиллагааны хорооны хамтарсан хурал Улаанбаатар хотноо боллоо. Хамтарсан хурлыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж, үг хэллээ. Тэрбээр, "Монгол Улс КАРЕК-ийг 2026 онд даргалж байгаа бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр, гааль, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд анхааран ажиллана" гэдгээ илэрхийллээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

