Үйл явдал2 мин унших
ЭЗХЯ: Энэ 7 хоногт

Эдийн засаг, хөгжлийн яамны өнгөрсөн 7 хоногт /2026.05.21-05.25/ болсон онцлох үйл явдлыг хураангуйг хүргэж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөлөө. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Экспортын зээлийн агентлагийн Ерөнхийлөгч Гулиэмо Пикк (SACE) нарыг хүлээн авч уулзлаа. Талууд монголын ноос, ноолуурын салбарт бодит төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх тэр дундаа Итали Улсын шилдэг тоног төхөөрөмжүүдийг эл салбарт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли, санхүүгийн салбарынх нь экспертүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар санал солилцлоо.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд “Байдрагийн усан цахилгаан станц” төслийн талаар танилцуулсан бөгөөд уг төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулгад оролцох, импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, усны нөөц сан бүрдүүлэх ач холбогдолтойг онцоллоо.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг 2026.05.19-ний өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яам
