Үйл явдал2 мин унших

Монгол Улсад анхны ногоон устөрөгчийн жишиг төсөл хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсад анхны ногоон устөрөгчийн жишиг төсөл хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэр болон компанийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад хэрэгжих анхны ногоон устөрөгчийн жишиг төслийн талаар санал солилцлоо. 

Тус төсөл нь Япон Улсын Ногоон устөрөгчийн хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авсан анхны гадаад төсөл гэдгээрээ онцлог бөгөөд Монгол Улс болон Оюутолгойн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Эрчим хүчний яам, Япон Улсын Байгаль орчны гадаад хамтын ажиллагааны байгууллага болон төслийн компани хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны тавдугаар сард байгуулснаар төслийн эхлэл тавигдсан. Улмаар “Оюутолгой” ХХК-тай байгуулсан онцгой эрх бүхий харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу олон улсын стандартад нийцсэн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан дуусгаж, төслийг хэрэгжүүлэх ажил амжилттай урагшилж буйг талууд онцоллоо.

Монгол Улсад анхны ногоон устөрөгчийн жишиг төсөл хэрэгжиж эхэлнэ
2025 оны долдугаар сард Монгол Улсын төрийн айлчлалын үеэр Шадар сайд Т.Доржханд Япон Улсын Байгаль орчны сайдтай уулзаж, Японы шингэрүүлсэн устөрөгчийн тээврийн технологи болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний арвин, хямд нөөцийн уялдаа холбоог онцлон ярилцсан. Энэ үеэр талууд төслийг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна.

Ногоон устөрөгчийн жишиг төсөл нь Монгол Улсад тогтвортой эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх, бүс нутагт ногоон устөрөгч үйлдвэрлэлийн шилдэг туршлагыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтойг уулзалтад оролцогчид тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” компанийн ногоон шилжилтийн үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө дэмжин ажиллахаа илэрхийлэв. “Оюутолгой” компанийн зүгээс энэхүү чухал төслийг боломжит бүх хувилбараар идэвхжүүлж, бодит үр дүн гаргахад чиглэн ажиллахаа бататгалаа.

Сэргээгдэх эрчим хүчХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012