Онцлох мэдээ3 мин унших
С.Бямбацогт: Хашаандаа сайхан амьдарч нарны үнэгүй эрчим хүчийг ашиглая

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Монгол Улс бол эрчим хүчний асар их нөөц, боломжтой орон. Гэвч бид өнөө хэр ОХУ, БНХАУ-аас цахилгаан, эрчим хүчээ импортоор авсан хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, олон улс, геополитикийн хямрал зөрчлийн цаана эрчим хүчний асуудал уг сурвалж нь болж буй энэ үед импортын хамаарлыг дуусгавар болгож, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ өөрсдөө хангадаг болох нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудал юм.
Эртний түүхт нутаг, олон ястан угсаатны өлгий Ховд аймагт өнөөдөр болж буй “Сэргээгдэх эрчим хүч”-ний үзэсгэлэн, бодлогын хэлэлцүүлэгт үг хэлэхдээ үүнийг онцоллоо.
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь эрчим хүчний хараат байдлыг халах хамгийн оновчтой шийдэл юм. Гэхдээ энэ нь зөвхөн төр, засгийн нуруунд үүрэх ачаа биш. Үүнд иргэн бүрийн оролцоо шаардлагатай.

Улсын Их Хурлаас 2025 онд тогтоол гаргаж, 20 кВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг ямар нэгэн хүнд суртал, техникийн нөхцөл шаардахгүйгээр төвийн сүлжээнд холбон, хэрэглээнээсээ илүү гарсан эрчим хүчээ худалдан борлуулах боломжийг айл өрхүүдэд олгосон. Ингэснээр айл өрхүүд зөвхөн эрчим хүчний хэрэглэгч биш, бас үйлдвэрлэгч байх үүд хаалгыг нээсэн. Энэ бол өрхийн эдийн засагт ч, улсын эрчим хүчний системд ч үнэлж баршгүй хувь нэмэр оруулах чухал алхам юм.
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц, 4 МВт/, 8 МВт.цагийн батарей хуримтлуурын систем барьж байгуулах ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлж байгаа. Мөн баруун бүсэд 115 МВт-ын нарны цахилгаан станц, 65 МВт/237 МВт.цагийн батарей хуримтлуурын системийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчийг хуримтлууртай хослуулан хөгжүүлэх бодит жишиг болно.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх, найдвартай суурь эх үүсвэр бий болгох, цаашид сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтэц болох учиртай. Өөрөөр хэлбэл, уг станц ашиглалтад орсноор системийн тохируулгын чадал, уян хатан байдал сайжирч, нарны эрчим хүчийг сүлжээнд илүү өргөн хэмжээгээр нэгтгэх боломж нэмэгдэх юм.
Миний санаачлан хэрэгжүүлсэн “Хашаандаа сайхан амьдаръя” зорилтот хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын гудамжууд цэвэр бохир усны шугамд холбогдож, олон айл хашаандаа тохилог хаус барьж амьдарч байгаа. Эдгээр айлууд сэргээгдэх эрчим хүч буюу нарны хавтан ашигласнаар хямд өртгөөр халаалт, цахилгааны асуудлаа шийдэх, илүү гарсан цахилгаанаа Төвийн сүлжээнд нийлүүлж мөнгө олох боломжтой.
Ховд нутгийн зон олон хэзээнээсээ хөдөлмөрч түмэн. Эх орныхоо эрчим хүчний нөөц, боломжийг ашиглах, үзэсгэлэнт сайхан нутаг байгальдаа ээлтэй ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, найдвартай, бие даасан байдлаа сайжруулах ажилд бүс нутаг төдийгүй улс орноо түүчээлэн манлайлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн, хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг болон хамтран зохион байгуулсан УИХ-ын гишүүн Э.Болормаа, ЭХЯ, Ховд аймгийн ЗДТГ, оролцсон ААН компаниуд, хүрэлцэн ирж сонирхсон иргэд Ховдчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье.