Байр суурь2 мин унших
Л.Соронзонболд: Ирэх жил нэмж авах 3,4 их наядын зээлийг үр ашигтай хөрөнгө оруулалтын төслүүдээ бүрэн явуулахад зарцуулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт дээр ДНБ-д эзлэх нийгмийн халамжийн зардлыг бууруулахыг зөвлөсөн байгаа. Тэгэхээр 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027-гоос 2028 оны төсвийн төсөөлөл дээр энэ талаар ямар томоохон өөрчлөлт хийхээр тооцож байна вэ?
Хоёрдугаарт, 2028 онд Засгийн газрын өрийн нийт хэмжээ 59,5 их наяд төгрөг болж өмнөх жилээсээ 7,7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Тэгэхээр үүний цаана томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхээр тооцсон байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр ямар хөрөнгө оруулалт төслүүдийг санхүүжүүлэхээр тооцсон бэ?
Гуравдугаарт, Гадаад зээлийн ашиглалт нэлээд муу байгаад байгаа. Шалтгаан нь төсвийн алдагдал нэмнэ гэдэг хязгаарлалтаас болоод батлагдсан зээлдээ хийдэг, шимтгэл төлдөг ийм байдалтай байгаа. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар ойролцоогоор 3,4 их наяд төгрөгийн зээл нэмж авах юм байна гэж харагдаж байгаа юм. Үр ашигтай хөрөнгө оруулалтын төслүүдээ явуулна аа гэж ярьдаг. Тэгэхээр энэ үр ашигтай гэж тооцож байгаа хөрөнгө оруулалтын төслийн ажлын төлөвлөгөөг 2026 онд бүрэн санхүүжүүлж байгаа юу. Эсвэл төсвийн алдагдлын хязгаарт ороод дутуу ашиглахаар байгаа юу?
Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


















