Байр суурь2 мин унших

З.Мэндсайхан: Ноос, арьс шир, дайвар бүтээгдэхүүн жалгандаа хэвтсэн хэвээр. Ховдын Үйлдвэр технологийн паркийн санхүүжилтийг ирэх жилийн төсөвт бүрэн тавьж өгөхийг Сангийн сайдаас хүсэж байна

УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ХАА-н салбарыг 23%-ийн өсөлттэй гарсан байна гэжээ. Экспортынх нь бүтцийг аваад үзвэл сүүлийн 10 жилийн голлох бүтээгдэхүүн болох ноолуур нийт экспортын ХАА-н салбарын 95%-ийг эзэлдэг энэ тоо хэмжээ хэвээрээ байна. Гэтэл салбарын маань өсөлт 23%-ийн өсөлттэй гарлаа гэж байна. Хүнсний хувьсгал хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улс дотоодын хүнсний хэрэглээний 50%-ийг нь хангадаг байсан. Өнгөрсөн жилийн байдлаар 85%-ийг нь хангадаг болсон, үр тариагаа дотоодоосоо 100% хангадаг асуудлыг дэвшүүлсэн. "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд арьс шир ноос ноолуур, ялангуяа арьс шир, ноос, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулъя. Энэ чиглэлээр хөнгөлөлттэй зээлийг гаргая гээд энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа.

Бодит байдал дээр ХАА-н салбар ургацаа алдчихсан. Үр тарианы асуудлыг гурилын импортын хууль руу чихээд өнгөрч болно. Харин хүнсний ногооны хувьд дотоодоосоо 85% хангаж байсан бол энэ жил 50%-ийг нь ч дотоодоосоо хангах боломжгүй боллоо. Энэ бодлогын алдаа. 23%-ийн өсөлт хаана байна вэ? 

Ноос, арьс шир, дайвар бүтээгдэхүүн жалгандаа хэвтэж байна. Үүнийг боловсруулах нэг ч үйлдвэр бий болсонгүй. "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд гарч байгаа зээлийн задаргааг үзэхээр өмнө нь явж байсан ноолуурын хөнгөлөлт эргэлтийн хөнгөлөлтийн зээл болоод гараад явчихсан байгаа юм. ХАА-н салбарын бодлого маш буруу явж байна. Энэ тооцоолол худлаа байна. Б.Жавхлан сайдаас хүсэлт байна.

Баруун бүсийн МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулахаар Үйлдвэр технологийн паркийг Ховд аймагт байгуулаад барьж байгаа. Энэ оны төсөв дээр тодорхой төсөв тавигдсан байна. Гэхдээ үүнийг бүрэн тавьж өгөөч ээ. Жил дамнуулж бага багаар амсуулаад явахаар инфляц дагаад өсдөг. Төсөвт өртөг өсдөг зовлонг сайд нар ярьж байна. Тэгэхээр энэ бага төсвийг та шийдээд үйлдвэр технологийн паркаа ирэх жил ашиглалтад оруулаад энэ 10 талт арьс шир ноос ноолуурын асуудлаа шийдмээр байна. Боловсруулах үйлдвэрүүдээ барих боломжийг нь бүрдүүлж өгөөч ээ гэсэн хүсэлт байна.

Хөгжлийн банкны асуудал яах юм бэ? Найдваргүй зээлийн асуудлууд нь юу болж байгаа вэ? Улсын төсөвт хөрөнгө оруулалтын орон зай бага байна гэдгийг олгож байгаа. Хөгжлийн банк үндсэн чиглэлдээ ажиллахгүй юм бол энэ банк байх шаардлага байгаа юу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нар хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025