Үйл явдал3 мин унших
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг ахална

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.09.30) хуралдаж ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудлыг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр эхний ээлжинд хэлэлцсэн юм.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийг оновчтой хуваарилах, ач холбогдлыг нийтэд сурталчлан таниулах, үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн ойлголт өгөх ажлыг хангалтгүй хийж байна гэж дүгнэсний үндсэн дээр хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, эерэг болон сөрөг үр дагавруудыг тодорхойлж, холбогдох яам, агентлагт хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулав.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн эрүүл мэндтэй холбоотой бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, түүний явц байдлыг тандан судалж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шаардлагатайг тэрбээр танилцуулгадаа дурдав.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг байгуулах асуудлаар тухайн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны тайлбар, мэдээллийг авч, харгалзан үзэхээр заасны дагуу Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээлэлдээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд Эрүүл мэндийн сайдын баталсан хоёр үе шаттай төлөвлөгөөний дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх салбарын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулж, халдварт бус өвчний нас баралт, өвчлөлийн эрсдэлийг бууруулах замаар хүн амын дундаж наслалтыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг төлөвлөн, үүрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр болон хэрэгжих хугацааг тодорхойлох ажлуудыг хийж байна гэлээ.
Үүний дотор Ерөнхий сайдаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажиллах журмыг батлуулж мөрдүүлэх, энэ асуудлыг хариуцсан үндэсний төв байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Мөн Үндэсний зөвлөлийг байгуулах бэлтгэл хангаж байгаа бөгөөд орон тооны бус уг зөвлөл салбар хоорондын оролцоонд тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж санал зөвлөмж гаргах үүрэгтэй ажээ.
Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх журмыг Сангийн сайдтай, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой тохиолдлын үеийн удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг Шадар сайдтай хамтран батлах ажлын хэсэг томилогджээ. Эдгээрээс гадна нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журам, тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангах, сайн дурын ажилтныг урамшуулах журам, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн дүрэм, бүтэц болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг батлах зэрэг ажлууд хүлээгдэж байгааг тэрбээр дурдав.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөлд тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар ажиллахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.
Тогтоолоор ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг баталж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын албан тушаалтныг тухай бүр татан оролцуулж ажиллуулахыг ажлын хэсэг зөвшөөрөв.
Түүнчлэн санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт даалга
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
