Байр суурь3 мин унших
Д.Үүрийнтуяа: Засгийн газрыг огцруулах эсвэл улс төрчийг харлуулдаг үндэслэл нь "нүүрсний хулгай" гэж нэг хадны мангаатай боллоо!
УИХ-ын чуулганы /2025.10.17/-ны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд бид булайгаа чирч л байна. Яг үнэнийг хэлэхэд ЗГ-ыг огцруулах санал гаргасан тэр цаг хугацаанаас хойш маш олон процедур Үндсэн хуулийн эсрэг УИХ-ын тухай хууль чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг зөрчсөн. Ийм олон процесс явж өнгөрлөө. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд ЗГ-ыг огцруулах УИХ-ын даргыг огцруулах саналаа гаргах эрх нь нээлттэй. Хэн ч хорихгүй. Яагаад энэ процессыг процедурынх нь дагуу явуулахгүй байгаа юм. Баасандорж дарга ЕНБД Дэгийн хуулийн 6.5-ыг энэ чуулганы танхимд яг 2 өөрөөр тайлбарлахыг 2 удаа сонслоо. Өмнө нь Б.Пүрэвдорж даргын асуултад нэг өөрөөр тайлбарлаж байсан. Өнөөдөр дахиад өөрөөр тайлбарлалаа. ТББХ-ны дарга үндсэн хуулийн 43.1-ийг өнөөдөр нэгээр маргааш нэг өөрөөр тайлбарлахыг харлаа.

УИХ-ын дэд дарга хууль биш хүн засаглавал ямар аюултайг тэр тусмаа тамгатай алхтай микрофон нээж хаадаг эрхтэй хүн ёс зүйгүй байвал ямар аюултайг өнгөрсөн шөнө харууллаа. Би яагаад ёс зүйгүй гэж хэлж байгаа юм гэхээр УИХ-ын гишүүний ёс зүйн 3.8 УИХ-ын гишүүн үзэл бодол байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтална. Олон нийтийг төөрөгдүүлэх үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно гэж байгаа юм. Өнөөдөр ЗГ-ыг огцруулахгүй гээд зогсож байгаа гишүүд, Ерөнхий сайдын дарамтад орчихсон гэж хэлж байна. Тэгвэл УИХ-ын даргыг огцруулахгүй гээд зогсож байгаа гишүүд, УИХ-ын даргын дарамтад орчихсон болох юм уу. Гишүүдийг ингэж хэлж болохгүй. Өөрийн үзэл бодол, өөр өөрийн үнэт зүйл өөрийн эрхэмлэх чанар өргөсөн тангаргийнхаа хүрээнд энэ хүмүүс итгэл үнэмшлээрээ зогсож байгаа юм. Яагаад үүнийг гуйвуулж мушгиж гишүүдийн нэр хүндэд халдаж "Үндсэн хуулийн эсрэг зогсохгүй, Үндсэн хууль зөрчиж байгаа санал хураалтад оролцохгүй" гээд зогсож байгаа гишүүдийг хууль зөрчиж байгаа юм шиг, хулгай хийгээд нийлээд явчхаж байгаа юм шиг хэн нэгний дарамтад орж, ажил албан тушаалын шантааж наймаанд орж байгаа юм шиг байдалд оруулж, өнөөдөр парламентын ардчилал засаглалыг ёстой жинхэнэ шороотой нь хутгаж байгаа юм бэ.
Юуны төлөө эндээс би юу гэж ойлгож байна гэхээр цаашдаа бид УИХ-ын гишүүд энэ УИХ-ын даргын албан тушаал бол намын даргын хийж болдог хавсарч болдог албан тушаал биш юм байна гэдгийг хуулиар баталгаажуулах ёстой юм байна. Өнөөдөр ЗГ-ыг огцруулахаараа нүүрсний хулгай гээд огцруулдаг энэ нүүрсний хулгай гэж нэг хадны мангаатай боллоо. Нэг бол ЗГ-ыг огцруулах үндэслэл болдог нэг бол улс төрчийг харлуулах үндэслэл болдог. Аль нь юм бэ? Энийгээ эцэслэмээр байна. Үүний тулд магадгүй бид нар энэ ЭТТ-той холбоотой асуудлыг олон улсын менежмент, олон улсын зарчмаар нь хөрөнгийн бирж дээр гаргаж ажиллуулж байж л үүний ард гарах байх. Эцсийн дүндээ энэ хууль хяналтын байгууллагаар тогтоогдох ёстой олон асуудлууд бидний ард үлдэж байна. Энийг бид эцэслэж байж парламентын засаглалыг ардчиллынх нь түвшинд авч үлдэх энэ үнэт зүйлийг нь хамгаалж үлдэнэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

