#Коммент5 мин унших
С.Эрдэнэболд: Газар тариалангын салбарт тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай!

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд болон өөрийн зөвлөх, Академич А.Бакей нарын хамтаар Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумдын тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, газар дээр нь тариалангийн төлөв байдалтай танилцаж, дараах тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн үзлээ. Тухайлбал,
Газар тариалангийн тулгамдсан асуудлын талаарх тариаланчдын санаа бодол
Уулзалтад оролцсон тариаланчдын төлөөлөл тус салбарт дор дурдсан нийтлэг тулгамдсан асуудал байгааг онцлон тэмдэглэсэн болно. Үүнд:
▪Тариалангийн бүсэд 2025 оны хавар, зун ихээхэн гантай байсан тул дийлэнх тариаланчид ургацаа алдсан, орлогогүй, банкны зээлээ төлөх төлбөрийн чадваргүй болсон байна.
▪Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ доогуур, өсөлт багатай тул орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй, орлого олох нөхцөл улам бүр муудсаар байна.
▪Төмс, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг аймаг, сумын төвд байдаг сургууль, цэцэрлэг гэх мэт төвлөрсөн хэрэглээтэй газруудад гэрээгээр бус, төрийн худалдан авалтаар нийлүүлж байгаа нь буруу.
Газар тариалангийн салбарын даатгалын эрх зүйн орчин хангалтгүй, тариаланчид ургацаа даатгуулахгүй байна.
▪Зээлийн хүртээмж муу, жижиг аж ахуйн нэгжүүдэд олдоц муутай, хугацаа богино, хүү нь өндөр байна.
▪Тариалангийн бүсэд уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид болон тариаланчдын хооронд тариалангийн талбайд мал орж ургацыг сүйтгэдэгтэй холбоотой зөрчил, маргаан байнга үүсдэг.
▪Тариалангийн талбайг малаас хамгаалах төмөр хашаа барьдаг боловч тэр нь өмч хөрөнгөд бүртгэлгүй тул хүний өмчид дур зоргоор халдаж, эвдэж сүйтгэдэг асуудал түгээмэл байна.
▪ Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс тогтоох талаар Засгийн газрын тогтоол байдаг ч хэрэгждэггүй.
▪ Тариалангийн бүс дэх бэлчээрийн ачаалал хэтэрсэн тул бэлчээрийн доройтол ихтэй байна. Ашиг шим багатай бэлчээрийн маллагаатай мал аж ахуйг тариалангийн бүсэд эрхлэх нь буруу.
▪ Жил бүр аварга малчин шалгаруулж тооны хойноос хөөцөлдөх нь буруу. Цаашид үүнээс татгалзах шаардлагатай.
▪ Таримал ургамлын үр үржүүлэг, хангамжийн бодлого алдагдсан, үрийн хомсдолтой, импортоос авдаг үр нь орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицоогүй, нутагшаагүй байна.
▪ Төв аймгийн Жаргалант сумын хувьд иргэдэд эзэмшүүлсэн тариалангийн зориулалттай газрын ашиглалт хангалтгүй, атаршсан газар нэлээд байгаа.
▪ Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд агрономич мэргэжилтний хангамж сул, үйлдвэрлэлийн мэргэжлийн удирдлага дутмаг байна.
▪Тариаланчдад орчин үеийн техник, технологи эзэмшүүлэх талаарх шинэ мэдлэг олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын үйлчилгээ дутагдалтай байна.
▪Хүнсний ногооны урамшууллыг зөв олгохгүй байна, тариалан эрхэлдэггүй зарим иргэд хүртэл уг урамшууллыг авч байна. Төмсний үйлдвэрлэл эрхлэгчид урамшууллын гадуур үлдсэн.
▪Төмс хураалтын механикжуулалт 1980-аад оны түвшинд хэвээр байна. Хүнд хүчир ажлын механикжуулалт, автоматжуулалтын түвшин доогуур. Намрын ургац хураалтын ид ачаалалтай үед ажиллах хүчин ихээхэн дутагдалтай байдаг.
▪Хөдөө аж ахуйн корпорациас зээлээр олгож буй техникийн үнэ өндөр байна. Тус корпораци техникийг түрээсээр олгодог болсон нь оновчтой бус.
Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой санал
Газар тариалангийн салбарт тулгамдаж буй дээрх асуудлыг 1) аймаг, орон нутгийн; 2) Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны; 3) Улсын Их Хурлын түвшинд хэрхэн шийдэх талаар Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид дараах саналтай байна.
Орон нутгийн түвшинд:
• Төмс, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг аймаг, сумын төв дэх сургууль, цэцэрлэг зэрэг төвлөрсөн хэрэглээтэй төсөвт байгууллагуудад гэрээгээр нэгдсэн журмаар нийлүүлж байх ажлыг хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах талаар шийдвэр гаргаж ажиллах
•Тариалангийн талбайг малаас хамгаалах зориулалтаар барьсан төмөр хашаанд нэгдсэн журмаар тооллого явуулан бүртгэж, холбогдох өмчлөгчийн нэр дээр бүртгэх ажлыг зохион байгуулах
•Сумын жил бүрийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тариалан болон эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх газар нутгийн заагийг нарийвчлан тусгаж, хэрэгжилтийг бодитойгоор хангаж ажиллах
•Өндөр ашиг шимтэй үржлийн хээлтүүлэгч малтай болох талаарх иргэд, аж ахуйн нэгжийн санаачлагыг дэмжиж, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллах
•Үр үржүүлгийн чиглэлээр төрөлжсөн аж ахуйн нэгжүүд Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллах
•Иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар тариалан эрхлүүлэхээр эзэмшүүлсэн газрын тооллого явуулж, ашиглалтгүй, атаршсан газрыг хэрхэх талаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргаж цэгцлэх
•Газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай мэргэжлийн ажиллах хүний нөөцийн хангамжийн судалгаа гаргаж, хангамжийг сайжрулах талаар холбогдох их сургууль, коллежтэй гэрээ байгуулан хамтран ажиллах.
Засгийн газрын түвшинд:
• Гангийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас тариаланчдад учирсан хохирлын талаар судалгаа гаргаж, тэдний зээлийн хугацааг хойшлуулах боломжийг судалж, зохих шийдвэр гаргах
• Таримал ургамлын үр, сортын тухай хуульд заасан үр үржүүлгийн тогтолцоог бүрдүүлэх талаар цогц арга хэмжээ авах
• Тариалангийн бүс дэх малчид болон тариаланчдын хооронд үүсдэг зөрчил, маргааныг шийдвэрлэх талаар санал боловсруулж, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах
• Тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх талаарх малчид, тариаланчдын санаачлагыг дэмжих талаар зохих шийдвэр гаргаж ажиллах
• Аварга малчин шалгаруулах журмыг эргэн харж боловсронгуй болгох
• Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй урамшууллын журамд өөрчлөлт оруулж, чанар, бүтээмжийн үзүүлэлтийг гол шалгуур болгох
• Таримал ургамлын үр үржүүлэгчдийг газар тариалангийн үйлдвэрлэлийн урамшуулалд хамруулах
• Малчид, тариаланчдад шинэ технологи, мэдлэг эзмшүүлэхэд чиглэгдсэн зөвлөн туслах үйлчилгээ (экстейншний үйлчилгээ)-ний байнгын тогтвортой тогтолцоог холбогдох талууд (ХХААХҮЯ, ХААИС, салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод)-ын оролцоотойгоор бүрдүүлж ажиллах
• Хөдөө аж ахуйн корпорацын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар зохих шийдвэр гарган хэрэгжүүлэх.
Улсын Их Хурлын түвшинд:
• Дараах хуулийн төслийг УИХ-ын гишүүд хамтран шинээр санаачилж өргөн барих:
- Газар тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл (Батлагдснаас хойш огт хэрэгжихгүй байгаа Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгож, шинээр санаачлах анхдагч хуульд багтаах)
• Дараах асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад асуулга тавих:
- 2025 оны гангийн улмаас тариаланчдад учирсан хохирол, цаашид авах арга хэмжээний талаар
- Таримал ургамлын үрийн хангамжийг сайжруулах бодлого, арга хэмжээний талаар
- Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй ажиллах хүчний хангамжийг сайжруулах асуудал.
Эдгээр ажлыг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шуурхай шийдвэрлэхээр ажиллах болно.

Эх сурвалж:
Vip76.mn