Үйл явдал1 мин унших
П.Батчимэг: Хог хаягдлыг хаана зөөвөрлөж, хэрхэн устгалд оруулдагт онцгой анхаарч, хяналт тавих нь чухал

УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн П.Батчимэг гишүүнээр ажиллахаар болов.

"Манай байнгын хорооны хуралдаан дээр нилээд олон хуулийн хүрээнд ажлын хэсгүүд байгууллагддаг. Аливаа ажил түүний гүйцэтгэлийг үнэлэх явцад зайлшгүй түрүү түрүүчийн ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл ямар байсныг дүгнэж, дараачийн ажлын хэсгийн уялдаа холбоо, урдах түүх дээр суурилж явбал алдаа оноо, хүрэх үр дүн сайн болдог талтай.
Энэ удаа Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажилдаа орсон нь сайн байна.
Сүүлийн үед бичил цахилгаан тээврийн хэрэгсэл суррон, скүүтерийн хэрэглээ маш өндөр болсонтой холбоотойгоор хаягдал баттерей ихээр гарч байгаа. Иймд цаашид энэ мэт хог хаягдлыг хаана зөөвөрлөж, хэрхэн устгалд оруулдагт онцгой анхаарч, хяналт тавих нь чухал байна гэдгийг П.Батчимэг гишүүн онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



