Байр суурь3 мин унших

О.Алтангэрэл: Таван Толгойн асуудал ярина гэхээр "Үл үзэгдэх гар" зохицуулалт явчихлаа

УИХ-ын чуулганы /2025.11.07/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

Монголын ард түмнийг сүүлийн 10 гаруй жил төр засаг нийт төсвийг авч явж байгаа Таван Толгойн асуудлыг ярья гэхээр Засгийн Газар нь бүрэн бүрэлдэхүүнээ тавхан минутын өмнө "дэрх" гээд босоод гарчихлаа. Засгийн Газар нь ерөөсөө сонсохгүй. Ухаа худаг дээр ажиглагдаад байгаа. Таван Толгойн асуудал ярина гэхээр ирц хүрдэггүй. Таван Толгойн асуудал ярина гэхээр ямар нэг "үл үзэгдэх гар" гэдэг шиг ийм зохицуулалт явдаг. Ийм асуудлууд зөндөө гарч байгаа. Нэгдүгээрт, Байгалийн баялаг гэдэг чинь хэн нэгэн хүний өмч ерөөсөө биш. Нутагт нь очоод уул хангайг нь ухаад талыг там болгочхоод өөрсдөд нь юу ч оногдохгүй байгаад энэ орон нутгийн иргэд чинь бухимдалтай байгаад байгаа юм. Сая сая тонноор нь хилээр зөөж гаргачхаад амьдрал ахуйд нь нөлөөлөхгүй болохоор ард түмэн энд чинь ууртай байгаа юм.

Тэгэхлээр ганцхан энэ Таван Толгойн орд газар гэлтгүй энэ Монголын баялгийг яаж иргэдэд тэгш хүртээмжтэй байх вэ гэдгийг ярих цаг болчихсон юм. Ярихын тулд бид эхнээс нь үзэх хэрэгтэй болчхоод байгаа юм. Яаж Таван Толгой гэдэг том орд дамжиж олон хүний гар дамжив дунд нь хэн хэн гэдэг төрийн өндөр албан тушаалтан оролцов? хэн хэн хувьдаа хэдэн сая долларын ашиг хийв гэдгийг үзэх болчхоод байгаа юм аа. Дуудаж ирээд асуугаад УИХ хууль тогтоох дээд байгууллага мөн юм бол эхийнхээ хүрээнд асуух ёстой болчхоод байгаа юм.

Зарим нөхдүүдэд сануулж хэлмээр байгаа юм. Хэн нэгэн нүүрсний хулгайчийг баяжуулах гэж Манлайбаатар Дамдинсүрэн гамингийн шоронд босоогоороо үхээгүй юм шүү. Хэн нэгэн авлигачин түшмэлийн халаасанд мөнгө цутгах гэж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Лувсанцэрэнгийн Аюуш гэдэг залуу хорин нэгхэн насандаа Жанчхүүгийн даваанд 12 буудуулж нас бараагүй ээ. Хэн нэгэн төр дамнасан олигарх компанийг баяжуулах гэж манай энэ уул уурхайн сайд Дамдиннямын төрсөн нутаг Увс аймгийн Өндөр Өмнөговь сумын Бэгзийн Гиваан гэдэг залуу 1948 онд Байтаг Богдод алуулаагүй юм аа. Монголын ард түмний үеийн үед эх орончдын цусаа урсгаж ирсэн эх орон энд хадгалагдаж байгаа баялгийг өнөөдөр эх орныхоо эздэд нь яаж хүртээмжтэй байх вэ гэдэг асуудал л ярьж байгаа юм. Цаашилбал энд ерөөсөө хувийн хэвшлийг төрд нийгэмчлэх булааж авах ийм асуудал огт яригдаагүй. Яригдах ч ёсгүй. УИХ ийм юм хийх ёсгүй. Тэгэхдээ бид энэ асуудлыг одоо ярьж эцэслэж хувийн хэвшилдээ ч халгаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай ч ойлгомжтой, бодлогоо цаашид тодорхойлохын тулд одоо ярьж, эцэслэж, нэг тийш нь гаргаж явах зайлшгүй шаардлагатай болчхоод байгаа юм аа. Хэзээ ч дуусдаггүй нэг ийм хэрүүлтэй сүүлийн 10 гаран жил л ярилаа. Энийг эцэслэе.

УИХ хууль тогтоох дээд байгууллага юм бол ард түмний төлөөлж байгаа байгууллага юм бол энийг нэг эцэслээд шийдвэрээ гаргацгаамаар байгаа юм. Үүнээс цааш Монголын баялгийг ашиглахдаа энэ энэ алдааг давтахгүй ээ. Дундаас нь хэн нэгэн авлигачин, хэн нэгэн олигархи ингэж завшихгүй. Энэ баялаг ард түмэнд ингэж очно, арга зам нь энэ юм. Яагаад гэвэл урьдын алдаандаа дүгнэлт хийчихсэн юм аа гэж хэлэхийн тулд энэ асуудлаар сонсгол хийх ёстой болчхож байгаа юм. Яагаад сонсгол хийх гээд байгаа юм бэ гэж асуух байх. Өмнө нь нүүрсний сонсгол гэж хийж байсан. Энэ сонсголын үр дүн одоог хүртэл үргэлжлээд олон нийтэд олон асуудлыг ил тод болгоод явж байгаа. Тийм учраас энэ асуудлаар хэнийх нь зөв хэнийх нь бурууг дэнсэлье ээ.

Эх сурвалж:

Vip76.mn

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009