Байр суурь2 мин унших

Д.Ганмаа: ЭМДС-аас хулгай хийсэн асуудлаар шалгагдаж буй сайд, дарга нарын нэрсийг ил болгох хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2025.11.11/-ний өдрийн хуралдаанаар   Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Б.Пүрэвдорж даргын ярианаас хэдэн зүйл нэмж тодруулъя.

Эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаад явж байхад хулгай зэлгээн асуудлаар надаас маш их асууж байна. Бид нар хулгай хийгээгүй ээ, хэн хулгай хийсэн юм бэ гэдэг асуудал бий.

Парламентад шалгалт оруулж зөрчил илрүүлсэн байна. Зарим нэгэн хүн шалгагдаж байгаа. Үүнийг хэн болохыг мэдэж байгаа. Сая сайд нар, ЭМД-ын Ерөнхий газрын дарга нар хулгайлсан гэж байгаа бол ерөнхийд нь биш нэр заагаад хэлэх боломж байна уу? Хэн хэн гэдэг сайд вэ? Одоогийн сайд шалгуулж байгаа тул биш байлгүй. Т.Мөнхсайхан сайдыг ярьж байна уу, түүний өмнөх сайдыг ярьж байна уу? Бүр өмнөхийг нь яриад байна уу?

ЭМД-ын Ерөнхий газрын дарга н.Энхболд байсан. Түүний өмнөх дарга нараас нэг нь лав шалгагдаж байна. Нэр ус нь нээлттэй. Нэгэнт олон жил энд сууж турлагажсан учир нэр устай, эзэн биетэй нь хэлэхгүй бол  нийтээрээ, бөөнөөрөө хулгайчид гээд ярьчихаар жинхэнэ хулгайчид нь завшаад, хулгай хийдэггүй хүмүүс чирэгдээд байгаад маш их эмзэглэж байгаа. 

2 асуулт байна. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дээр ЭМД-ын сангийн тэнцэл хасах гараад байгаа нь 2024 онд олгох тусламж үйлчилгээний санхүүжилт 1,9 их наяд төгрөг, 2025 онд 1,7 гэж төлөвлөж байснаа төсвийн тодотголоор 1,6 болчихсон. Зардлаа тооцоолохдоо 1,9 их наяд байгаа учраас яг зөрөөг нь тооцохоор 248 тэрбум төгрөг болоод байгаа юм. Гэтэл энэ зардлууд буюу 2026 онд 394 тэрбум төгрөгийг нэмэгдсэн зөрүү гаргасан ч зөрүү 248 тэрбумыг хасахаар 146 тэрбум л үлдэх юм. Энэ нэмэгдэл нь анхан шатандаа орох юм уу лавлагаа шатныхаа тусламж үйлчилгээндээ орж байгаа юу?

"ХСҮТ 2"-ыг барихыг ажлын хэсэгт нь орж ажиллаад дэмжээд явуулсан юм. Энд ажиллах хүмүүсийн тоо 1500 эмч, ажилтан, туслах ажилчин гэж гарсан байгаа. Эдгээр хүмүүс нь төрийн үйлчилгээний албан хаагчид байх уу?  Ийм хэмжээний орон тоонд хамаарах цалин хөлсний тооцооллыг нь хийж үзсэн үү? Тийм бол энэ ЭМД-ын сан дээр ямар ачаалал өгөх гэдэг тооцоо судалгаа нь бий юу?

ЭМД-ын сан дээр үзүүлэх үр нөлөөний тооцоо судалгааг хийсэн үү?

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлэлцэж буй сэдвийн хүрээнээс хальсан асуудал гэж үзсэн тул хариулахаас татгалзав.

Эх сурвалж:

Vip76.mn

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025