Онцлох мэдээ2 мин унших
2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг дөрөв дэхь хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы /2025.11.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хамтарсан байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйл дэх холбогдох зохицуулалтын дагуу гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн, танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулахаар төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаяр:
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн дүгнэлтийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар танилцуулсан юм. Өчигдөр хуралдсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахад “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд “31,600.0 тэрбум төгрөг” гэснийг “31,930 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “30.9” гэснийг “31.2” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл “-1,380.0 тэрбум төгрөг” гэснийг “-1,50.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “-1.3” гэснийг “-1.0” гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд “29,552.0 тэрбум төгрөг” гэснийг “29,859.1 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь “28.9” гэснийг “29.2” гэж, Нэгдсэн cуурь тэнцэл “2,048.0 тэрбум төгрөг” гэснийг “2,070.9 тэрбум төгрөг” гэж тус тус өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн.
Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1 дүгээр заалт дахь төсвийн тусгай шаардлагуудыг хангасан хэдий ч төсвийн орлого, суурь зарлага нэмэгдэх, хөрөнгийн зардал буурах буюу зарлагын бүтцэд өөрчлөлт орох шууд үр дагавартай байгаа нь тоон дүнгээрээ харьцангуй бага боловч чанарын хувьд дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ТТБЗ-өөс дүгнэснийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар дурдав. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн дараа төсвийн хүрээний мэдэгдлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулах замаар буюу төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үр дүнгээр төсвийн хүрээг өөрчилж байгаа нь хүрээ нь төсвөө дагадаг буруу жишгийг дахин давтаж байгааг цаашид анхаарах шаардлагатай гэлээ.
Эх сурвалж:
Vip76.mn

















