Үйл явдал1 мин унших
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болов

Өчигдөр /2025.09.01/ БНХАУ-ын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж өндөрлөлөө.
Энэхүү хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч бүс нутгийн улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг дурдав.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон 2026 онд Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж буй талаар мэдээлэв.
Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логисикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, хөрш орнуудтай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэв.
Энэхүү уулзалт нь манай гадаад бодлогын олон тулгуурт байдлыг хангах, бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хүрээлэн буй орчин зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлэх, санал солилцох өргөн боломж бүрдүүлж буй.
Цаашид ШХАБ-ын хүрээнд харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүс нутгийн интеграци, энх тайван, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрмэлзэл дүүрэн байна.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам