Үйл явдал2 мин унших
Цэцэрлэг хотноо болж буй Багш нарын бага хуралд оролцов

Өнөөдөр /2025.08.29/ Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулагдаж буй багш нарын бага хуралд аймгийн хэмжээнд ажиллаж буй 1600 гаруй багш оролцож, боловсролын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, салбарын хөгжлийн талаар санал солилцлоо.
Хичээлийн шинэ жилийн өмнөхөн зохион байгуулагдаж буй энэхүү бага хурал нь сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын бодлогын хэрэгжилтэд гол үүрэгтэй орон нутгийн удирдлагуудын хувьд чухал алхам болж байна.
Архангай аймагт төрийн өмчийн 30 ерөнхий боловсролын сургуульд 20 мянга орчим сурагч, 35 цэцэрлэгт 6800 гаруй хүүхэд хамрагдаж байна.
Мөн боловсролын чанар, сурагчдын сурлагын амжилтын нэг үзүүлэлт болох Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр Архангай аймаг 2024 онд 22 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 11 дүгээр байрт шалгарсан нь багш, сурагчдын хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд орон нутгийн бодлогын зөв зохион байгуулалтын илэрхийлэл юм.
Боловсролын салбар бол аливаа улс орны ирээдүйн хөгжил, хүний нөөцийн чанар, нийгмийн үнэт зүйлийг тодорхойлдог гол үндэс суурь нь. Тиймээс гадаад харилцаанд ч боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, багшийн хөгжил, оюутан сурагч солилцоо зэрэг асуудлуудыг ямагт тэргүүлэх чиглэлд тавьж ирсэн.
Боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны нэг тод жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Архангай аймгаас тус хөтөлбөрт шалгарсан 41 сурагч дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуульд элссэн. Эдгээр оюутнууд сурч боловсроод эх нутагтаа ирж, орон нутгийн хөгжлийг шинэ мэдлэг, шинэ сэтгэлгээгээр түүчээлэх нь дамжиггүй.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад албан ёсны айлчлал хийх үеэр багш нарын англи хэлний мэдлэг, заах арга зүйг сайжруулах тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болж, Хангайн бүс тэр дундаа Архангай аймгийн багш нарын төлөөлөл Филиппин Улсыг зорихоор болсон байна.
Цаашид уламжлал, үнэт зүйлдээ суурилсан, орчин үеийн боловсролтой уялдсан цогц хандлагыг төлөвшүүлэн үргэлжлүүлэх нь бидний нийтлэг зорилго байх учиртай. Монгол хүүхэд зөвхөн мэдлэг чадвартай төдийгүй ёс суртахуунтай, үндэсний бахархалтай, дэлхийн иргэн болон төлөвших нь улс орны ирээдүйн хөгжилд нэн чухал болохыг онцлов.


