Үйл явдал1 мин унших
“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” амжилттай эхэллээ

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” өнөөдөр /2025.08.25/ амжилттай эхэллээ.
Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй нь хүйсийн тэгш байдал, хүртээмжтэй хөгжлийг дэмжих манай улсын бодлогын тод илэрхийлэл юм.

Бид энд зөвхөн ярилцахаар бус, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжоор дамжуулан өөрчлөлт, хөгжил дэвшил авчрахын төлөө хуран чуулж байна. Дэлхий даяар эмэгтэйчүүд улс төр, бизнесийн салбарт идэвхтэй оролцож байгаа хэдий ч санхүүгийн боломж, шийдвэр гаргах түвшинд манлайллаа бүрэн үнэлүүлэх боломж хязгаарлагдмал байна. Гэсэн ч бид үүнийг бэрхшээл гэж харахаас илүүтэй, хамтдаа даван туулж, бие биедээ урам өгч, харилцан дэмжиж, шинэ боломжуудыг нээх, урагшлах боломж гэж харах нь чухал.
Энэ хоёр өдрийн турш бид эмэгтэйчүүдийн манлайлалд тулгардаг саадыг хэрхэн даван туулах, бизнесийн санхүүжилт, ногоон болон хүртээмжтэй эдийн засаг, цахим шилжилтийн боломжуудыг хэлэлцэж, шинийг санаачлагчийг хөрөнгө оруулагчтай холбох болно.
Эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдэг зөвхөн бизнесийн хөгжилд бус, улс орон, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт гэдэгт би гүнээ итгэдэг.
Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс манай сайхан орныг зорин ирсэн, хүндэт төлөөлөгчид Та бүхнийг Монгол эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж, найдвартай түнш, үнэнч нөхөр хэмээн хүлээн авч, хамтдаа бүтээхийг уриалж байна хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгов.



Эх сурвалж:
Гадаад харилцааны яам