Үйл явдал1 мин унших
Монгол Улсын жендэрийн тэгш байдал, терроризмтэй тэмцэх зэрэг олон чиглэлээр оруулж буй хувь нэмрийг онцлов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хельсинки хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Феридун Синирлиоглутай уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс ЕАБХАБ-ын үндсэн зарчим, үйл ажиллагааг тууштай дэмжиж, идэвхтэй оролцож ирснээ нотлон илэрхийлж, тус байгууллагын 50 жилийн ойн арга хэмжээ өнөөгийн олон улсын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын үр нөлөөтэй үйл ажиллагааг төлөвшүүлэх чухал алхам болж буйг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Синирлиоглу Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй, үр дүнтэй оролцож байгааг өндрөөр үнэлж, жендэрийн тэгш байдал, терроризмтэй тэмцэх зэрэг олон чиглэлээр оруулж буй хувь нэмрийг онцолж байлаа.
ЕАБХАБ-д 2012 онд гишүүнээр элссэнээс хойш Монгол Улс хүний эрх, ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, сайн засаглал, бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байна.


Эх сурвалж:
Гадаад харилцааны яам